Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн тархалт аажимдаа намжиж, амьдрал өрнөдгөөрөө өрнөнө. Хэдхэн сарын дараа Монгол Улс ээлжит сонгуулиа явуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдэнэ. Энэ үед эдийн засаг хүндэрч, шинээр бүрдсэн хууль тогтоогч, бодлого боловсруулагчид амаргүй цаг үеийг туулах нь ээ. Учир нь, коронавирусийн дэгдэлтээс үүдэж, 2020 оны төсөв тасалдаж, экспорт, импорт доголдож, иргэдийн амьдралд ч их, бага хэмжээгээр нөлөөлөх нөхцөл байдал хэдийн үүсчихлээ.
Манай улс энэ онд 11.7 гаруй их наяд төгрөг олж, 13.8 их наядыг зарлагдахаар тооцоолсон. Үндсэндээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай, энэ нь ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж буй юм. Хэдий ингэж тооцсон ч коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, валют олдог гол бараа болох нүүрсний экспортыг зогсоосон нь эдийн засагт томоохон сорилт авчирч байна. Монгол Улсын төсөв хоёрдугаар сарын эцсийн байдлаар 210 тэрбум гаруй төгрөгөөр тасраад буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, хоёр сая тонныг экспортолсон бол хоёрдугаар сарын 1-17-нд ердөө 245 мянган тонн нүүрс экпортолсон мэдээг Гаалийн ерөнхий газраас өгч байна.
Монголын экспортын орлогын 87.1 хувийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 60 хувийг зэс, нүүрсээс олдог гэж хэлж болно. Хэдийгээр энэ сарын 15-наас нүүрсээ урд хөрш рүү экспортолж эхэлнэ гэж буй ч коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үнэ нь буурч байгаа аж. Ханшийн энэ савлагаа хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Асуудал коронавирусийн дэгдэлтээс шалтгаалах учраас төсөв дээр дурдсан 207 тэрбум төгрөгөөр тогтохгүй тасрах нь тодорхой болчихлоо. Үүнээс гадна бизнес эрхлэгчдэд ч хүндрэл бэрхшээл үүсэнийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатар болоод Засгийн газарт уламжлаад байгаа. Иймд ээлжит бус чуулган зарлаж, яаралтай горимоор зарим асуудлыг шийдэхээ холбогдох албаныхан мэдэгдээд буй юм.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсоны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол түүнд оногдох алдангиас чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо. Түүнчлэн татвараа төлж чадаагүй бол торгууль, алданги тооцохгүй. Нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх аж.
Үүнээс гадна түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдийн түрээсийн орлогод ногдох татвараас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд чөлөөлөх, улсын болон орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн бараа ажил үйлчилгээний авлагатай бол татварын өртэй нийцүүлээд суутгах боломжийг бүрдүүлэх гэхчлэн эдийн засгийн арга хэмжээг зохицуулсан хуулийн төсөл УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм. Эдгээрийг гуравдугаар сардаа багтаан ээлжит бус чуулган зарлаж, шийдэх чигтэй байгаа аж.
Одоогоор ээлжит бус чуулган зарлах тухай УИХ-ын даргын захирамж гараагүй. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлыг нь богино хугацацаанд судалж, түргэн шуурхай шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортлогч, амны хаалт үйлдвэрлэгчдийн гаалийн татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдэх боломжтой” гэсэн билээ.
Манай улсын экспортын орлогын гол эх үүсвэр эрдэс баялгийн орлого 2019 онд төсөвт төвлөрүүлсэн дүнг давж гарахгүй дүр зураг харагдаж байна. Төлөвлөсөн орлогоо олж чадахгүй учраас сонгуулийн дараа төсвөө тодотгох нөхцөл байдал үүсэх нь ээ. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй гэх байр суурьтай байгаа. Тэрбээр “Улсын төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ. Тодорхой хэмжээнд хөл хориотой байгаа үед эдийн засгийн агшилт явагдаж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр баригдах ёстой сургууль, цэцэрлэгээ барина. Монголчуудын эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт хэвээр байгаа.
Үүний хажуугаар эдийн засгаа дэмжих бодлогуудыг уялдуулаад авч хэрэгжүүлэхээр санал оруулж ирж байна. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” хэмээгээд байгаа юм.
Хэдий ингэж мэдэгдсэн ч төвлөрүүлэх орлого нь тасарсны зэрэгцээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан үед тодотгохоос өөр аргагүйг эдийн засагчид хэлж буй. Сонгуулийн дараа эдийн засаг хэрхэх нь хамаагүй, албан тушаалтай байгаа дээрээ орж ирсэн орлогоо “үрэн таран” хийгээд дуусна гэх “хүнийрхүү” сэтгэлээр асуудалд хандаж байна гэх шүүмжлэл ч Сангийн сайдад хаяглагдаж байна.
Манай улс өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонн нүүрс экспортолсон байсан бол энэ оны мөн үед 2.7 сая тонныг экспортлоод байгаа. Манай эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн эрдэс баялаг, түүхий эдийн үнээс хамаардаг. Нэг ёсондоо 10 их наяд төгрөгийн 90 хувь нь гэсэн үг. Гадаад худалдаа экспорт, импортын 85-86 хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг. Тэгэхээр БНХАУ-ын эдийн засагт үүсэж буй эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт бууралт бүхэн манайд хамаарна. Үүнээс үүдээд манай гадаад худалдаа саарч буй. Энэ тохиолдолд экспорт ашигтай байж, импортоос давах ёстойг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ орлого тасарсан энэ үед давах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Дээрээс нь энэ оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохын зэрэгцээ уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олохоор тооцсон. Энэ тоонд оны эцэст хүрэхгүй гэдэг нь төсвийн орлого, зарлагын статистик мэдээллээс харагдаж байна.
Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдоод нэг жил болж байна. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж долдугаар сараас есдүгээр сарыг дуустал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байв. Энэ удаа коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс авч хэрэгжүүлж буй өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, залгаад энэ удаагийн парламентын отгон хаврын чуулган нээлтээ хийх чиг байна. Ээлжит бус чуулганаар дээр дурдсан асуудлыг шийдлээ ч оны хагасаас эдийн засагт эрчимт эмчилгээ хэрэгтэй болох нь. Энэ мэт асуудлыг бодолцон сонгуульд зориулж бус улс орноо бодсон онч мэргэн бодлого, хууль, шийдвэр гаргах нь эн тэргүүний үүрэг болчихоод байгааг бичих нь зүй ёсны хэрэг биз ээ.
С.Батзаяа