БНСУ-ын Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай О тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:55 цагт нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн.
Энэхүү харамсалтай хэргийн талаар Намьянжу хотын Мёнжи эмнэлгийн төлөөлөгч талийгаачийн О-гийн үхлийн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсныг хүргэж байна.
“Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа визтэй, визгүй монгол хүмүүстээ захихад олсон мөнгөө бүгдийг нь монгол руу явуулахгүй бага ч гэсэн өөртөө зарцуулж, өөрийгөө бодооч ээ хэмээн захиж хэлмээр байна.
Ажлын хүндийг хийж байж эрүүл байж л ар гэрээ тэжээж мөнгө олно гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож ухаараасай.
Энд ажиллаж амьдарч байсан мөртлөө элэгний архаг өвчтэйгээ мэдсэн хэрнээ эмчлүүлэхгүй, монголд очиж эмчлүүлэх гэж яваад өвчнөө хүндрүүлж, хугацаа алдсан хойно нь буцан ирж байгаа нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил харамсмаар юм.
Эрүүл байхдаа ядаж жилдээ нэг удаа багц шинжилгээ өгөөд асуудалтай зүйлээ хянуулаад шаардлагатай бол эм, эмчилгээ хийлгээд ажиллаж болдоггүй юм уу манайхаан.
Бүх зүйлийг дууссан хойно цаг хугацааг хэн ч эргүүлж чадахгүй. Эмнэлэгт ажилладаг гээд бурхан биш шүү дээ. Эмнэлэг бол авах ёстой арга хэмжээгээ авах болохоос нэгэнт дутмагшилд орсон зогсонгишилд орсон эд эрхтэнийг хэвийн болгож чадахгүйг ойлгож ухамсарлаасай.
Биеэ үзүүлэхгүй бол даатгалтай байхын хэрэг юу байна!!!
Коронавирус нь дархлал сул, суурь өвчтэй хүмүүст тусах магадлал маш өндөр хувьтай. Тийм болохоор энэ вирусийн нөхцөлд эцсийн найдвар тээж монголоос битгий ирээрэй.
Ирвэл суурь өвчин дээрээ дахин халдвар авах маш өндөр эрсдэлтэй гэдгийг анхаараарай.
Талийгаачийн хувьд коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан л болохоос биш элэгний суурь өвчин хүндэрснээр элэг, бөөрний дутмагшилд орж өнгөрсөн гэдгийг хэлмээр байна.
Ар гэрийнхэн нь үнэн мэдээлэл өгөхийг хүсэж байсан. Монгол хүнийхээ хувьд үнэхээр харамсаж байна. Ум сайн амгалан болтугай” гэжээ.