БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаа бөгөөд тархалт намжихгүй байгаа тул жил бүрийн гуравдугаар сард болдог Ардын төлөөлөгчдийн их хурлыг хойшлуулах шийдвэр гарчээ. Уг хурал нь улс орны хэмжээнд болдог хамгийн том улс төрийн хурал чуулган бөгөөд соёлын хувьсгалаас хойш анх удаа хурлын товыг хойшлуулахаар болсон байна. Тус хуралд Хятадын дарга Си Зиньпин болоод бусад улс төрчид оролцохоор төлөвлөсөн байжээ.
Энэ хооронд Иран, Өмнөд Солонгос, Итали улсуудад нөхцөл байдал хурцдаад байна. Иран улсын Засгийн газрын мэдээлснээр Ковид-19 коронавирусийн улмаас 12 хүн нас барж, 66 иргэн халдварлажээ. Харин БНСУ-д найман хүн нас барж, 833 хүн халдварласан байна. Итали улсад коронавирусээс болж таван хүн нас барж, 200 гаруй иргэн халдвар авчээ. Түүнчлэн Кувэйт, Бахрейн, Афганистан улсуудад вирусын анхны тохиолдол илэрсэн тухай мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэний улмаас эдийн засаг, санхүүгийн хүндрэл учирж болзошгүй тул Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нэмэлт төсөв батлахаар болжээ.
Эх сурвалж: The Guardian