Иргэд санамсар болгоомжгүйгээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагын дагуу аврах ажиллагаа явуулжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.