БНСУ-д Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар Тэгу, Чондо хотуудад хурдацтай тархаж, одоогийн байдлаар 204 хүн халдвар авсныг тогтоожээ. Баасан гарагт халдвар авсан иргэдийн тоо 100-р нэмэгдээд байна. Дээрх хотуудад онц дэглэм тогтоосныг эрх баригчид өчигдөр мэдэгдсэн юм.
Улмаар Өмнөд Солонгос улс Диамонд Принцесс усан онгоцон дээр халдвар авсан 634 иргэнийг оролцуулалгүй Хятадын дараа шинэ коронавирусээр хамгийн олон хүн халдварласан хоёр дахь улс орон боллоо. Өмнөд Солонгосын дараа Япон улсад тус вирусээр 97 хүн өвчилсөн нь батлагдаж гуравдугаарт орж байна.
Тэгу хотын иргэн 60 гаруй насны эмэгтэй халдвар тээсэн хэдий ч тусгаарлагдалгүй сүмийн хурал цуглаан, олон нийтийн газарт 166 хүнтэй харьцсан тул тэдгээр иргэдийг өөрийгөө тусгаарлан эмнэлэгт хандахыг шаарджээ. Эмэгтэйн очдог Тэгу хотын Шинчэонжи христийн шашны сүмд байсан 82 мөргөлч халдвар авсныг тогтоолоо.
Онц дэглэм тогтоосон Тэгу, Чондо хотуудын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. Эдгээр хотуудад олон нийтийн зоогийн газрууд зэрэг бизнесийн үйл ажиллагааг хориглож оршин суугчид гэртээ хооллох болон хүргэлтийн хоолны газруудаар үйлчлүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн Шинчэонжи сүм болон сүмийн мөргөлчдийн эсрэг хотын иргэд гомдол мэдүүлжээ. Хотын эмнэлгүүдэд уушгины хатгаа, үрэвсэлт өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд коронавирусийн шинжилгээ хийхээр болсон байна.
Өмнөд Солонгосын Гёрёндагийн цэргийн бааз дахь нисэх хүчний, тэнгисийн, явган цэргийн анги тус бүрт нэг буюу гурван цэрэг вирусийн халдвар авсан гэдгийг тогтоожээ. Эдгээр цэргүүд Тэгу хотоос ирсэн хүмүүстэй холбоотой байсныг илрүүлсэн байна.
Нийслэл Сөүл хотод вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж олон нийтийн жагсаал цуглааныг хорилоо.
Эх сурвалж: Korea Times