2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагийн байдлаар COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ.
Хятадаас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарах ажээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч өртөх магадлал өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэдээ уг вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээлийг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ удаад коронавирус COVID-19 халдвартай холбоотой үүссэн өнөөгийн нөхцөл байдалд тайван байх дараах аргуудыг зөвлөжээ.
🌿 Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ ярилцах
🌿 Гэртээ байх үедээ эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх
🌿 Архи, тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бусад зүйлсийг хэрэглэхгүй байх
🌿 Найдвартай мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авах
🌿 Таныг бухимдуулж байгаа мэдээллийг үзэх, сонсох цагийг хязгаарлах
🌿 Энгийн үед сэтгэл санаагаа тайвшруулахад ашигладаг аргаа энэ үед мөн ашиглах