Хөдөлмөрийн үндэсний намынхан УИХ-ын сонгуулийн тойрог, мандат байгуулах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Тэд УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг байгуулах тогтоолыг батлахдаа тойргийг харилцан адилгүй байхаар, мөн сонгогчдын тоо зөрүүтэй байхаар баталсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Сонгох, сонгогдох ёсны эрх хангагдаж байж Ардчилсан улс байж, "засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна" гэдэг зарчим хэрэгжинэ. Гэвч тойрогт ногдох мандатын тоог харилцан адилгүй тогтоосноор цөөн мандатай тойргийн сонгогч бага саналын эрхтэй, олон мандаттай тойрогийн сонгогч олон саналын эрхтэй болгож байна. Түүнчлэн сонгогдох эрхийн тэгш байдал алдагдаж байна гэж үзэж байгаа юм.
1992 онд Үндсэн хуулийн 21-р зүйлийн 20 дахь хэсэг дээр сонгуулийн эрхийн тусгай зарчмуудыг үгчлэн хуульчлахдаа “тэгш” гэдэг үгийг үгчлэн хуульчлаагүй учраас “монгол улсын иргэд төрөө тэгш бус эрхтэйгээр сонгож болно”, “монгол улс ардчилсан улс биш”, “монгол улс бүгд найрамдах улс биш” гэсэн шийдвэр гаргасан байдаг.
Иргэд 2008 онд мөн цэцэд хандахад хэрэг үүсгэхгүй гэж татгалзсан байдаг. Энэ бол Үндсэн хуульт ёсны хямрал, гажуудал гэж үзэж байна. Энэ гажуудлаа засахыг бид Үндсэн хуулийн цэцэд олгож байна гэсэн юм.
Мөн Багануур, Налайх, Багахангайг нэгтгэж нэг тойрог болгосон. Гэвч саяхан баталсан хуулиндаа “тойргийн нутаг дэвсгэр нь хил, залгаа, зэргэлдээ байна” гэж тусгасан атал энэ хуулиа мөн зөрчсөн. Тиймээс бид УИХ-ын уг тогтоолыг үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор хандаж байна гэсэн юм.