ОХУ-ын Санкт-Петрбург хотод коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд тусгаарлагдаж байсан 32 настай эмэгтэй оргож зугтжээ. Алла Ильина гэх эмэгтэй хорионоос зугтаж гэртээ харьсан бөгөөд цагдаа нар түүнийг тусгаарлалтад буцаахыг оролдсон ч хаалгаа тайлж өгөөгүй байна.
Ильина өнгөрсөн сард БНХАУ руу яваад эх орондоо эргэж иржээ. Хоёрдугаар сарын 6-ны өдөр шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан хэдий ч хоёр долоо хоногийн турш тусгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Гэвч бүсгүй цахилгаан түгжээг ажиллагаагүй болгож эмнэлгээс зугтаажээ.
Тэрээр Инстаграм хуудсандаа “надаас авсан гурван шинжилгээний хариу гурвуулаа эрүүл гэж гарсан. Гэтэл би яагаад тусгаарлагдах ёстой гэж” хэмээн бичсэн байна. Эмнэлгээс зугтахын тулд барилгын доторх зохион байгуулалтын газрын зургийг зурж, төлөвлөгөө гаргасан байжээ.
Эрх баригчид Ильинаг энэ сарын 19-ний өдөр хүртэл эмнэлэгт тусгаарлах шүүхийн шийдвэр гаргаж түүнийг албадан эмнэлэг рүү буцаахаар болсон байна. БНХАУ-д 65,000 гаруй хүнд халдварласан Covid-19 шинэ коронавирусээр ОХУ-д хоёр хүн халдварласан тохиолдол бүртгэжээ. Тэд хоёулаа хятад иргэд бөгөөд нэг нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна.
Оросын Засгийн газар Хятадаас 144 иргэнээ авчирсан ба тэднийг хоёр долоо хоногийн турш тусгаарлан саатуулж байгаа юм.
Эх сурвалж: BBC