ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагаас хийж буй Коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна
ДЭМБ-аас урд шөнө Монголын цагаар 05:00 цагт "дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүслээ" гэж зарласан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны дэргэдэх үйл ажиллагааг зохицуулах хороо хуралдаж, цаашдын ажлаа ярилцлаа гэлээ. Энэ удаагийн мэдээлэлд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей оролцож нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "БНХАУ-аас бусад улс оронд коронавирусын тархалт нэмэгдэж байгаа тул шинэ коронавирусын тархалтыг тодорхойлох санал оруулсан. Эрүүл мэндийн ноцтой байдал үүсэж буй нь харагдлаа. ХБНГУ, АНУ, Япон зэрэг дөрвөн оронд хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийн хэмжээнд коронавирус туссан нь батлагдсан тохиолдлын тоо өчигдөр /2020-01-30/ 783 байсан. Гэвч халдвар авагсдын тоо цаг минутаар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар /2020-01-31/ халдвар авсан хүний тоо 9812 байгаагаас 213 хүн нас барсан. Бүгд БНХАУ-ын тохиолдол.
Нарийн дүн шинжилгээ хийхэд дэгдэлтийн явц оргил үедээ ороод буурах хандлага ажиглагдаж эхэлсэн ч яг тэгж мэдээлэхэд эрт байна. БНХАУ-аас бусад 18 улсад илэрсэн ч энэ нь бүх тохиолдлын 1%-ийг эзэлж байна. Ихэнх нь Ухань хотод зорчсон тохиолдлоор халдвар авсан байна.
Нэгдүгээрт, ДЭМБ-аас одоо байгаа мэдээлэлд үндэслэн аялал, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байна.
Хоёрдугаат, Эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад туслах зорилгоор уг онцгой байдлыг зарласан.
Гуравдугаарт, Вакцин эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцыг хурдасгах талаар анхаарах. Монгол Улсад хоёр 7 хоногийн дотор холбогдох эм бэлдмэлийг нийлүүлнэ.
Эцэст нь нэг зүйлийг давтан хэлэхэд цуу яриа ташаа мэдээллийг таслан зогсооход сэтгүүлчид маш их үүрэгтэй. Ард иргэд хувийн ариун цэврээ сахих, халдвар гарч буй бүс нутагт аль болох аялахгүй байх, гадаадаас ирснээс хойш шинж тэмдэг илрэх юм бол эмнэлэгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна" гэлээ.
ХӨСҮТ "2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын 18 хүнийг тусгаарлан шинжилгээ хийж, сөрөг гарсан тул 6 хүнийг эмнэлгээс гаргасан. 12 хүн үлдсэн байна. Өнөөдрийн байдлаар /2020-01-31/ дөрвөн тохиолдол нэмэгдэж шалгагдаж байна. Эдгээр хүмүүст шинжилгээ хийж, үзлэгт оруулсан. Сэжигтэй тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 16 байна. Тоо чухал биш" гэлээ.
Коронавирус 1960 онд оношлогдож байсан титэм хэлбэрт вирус. Энгийн ханиадтай ижил шинж тэмдэгээр илэрдэг. Мэрс, Сарс гэх вирусын уламжлал. Шинэ коронавирус 2019 онд илэрсэн ч судлагдаж байна. 4 дэд бүлэгт хуваагддаг. Альфа, гамма гэх бүлгүүд өвчин үүсгэж байгаа аж. Сарс вирус -сарьсан багваахайнаас, Ойрхи Дорнодын мэрс вирус-нэг бөхт тэмээнээс үүссэн болох нь тодорхойлогдсон. Харин коронавирус-далайн гаралтай бүтээгдэхүүнээс үүссэн гэж урьдчилсан байдлаар үзэж байна.
2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр манай улсын 8 боомтоор 6560 зоричгч, 2800 тээврийн хэрэгсэл хил гарч байжээ.
2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр манай улсын 8 боомтоор 2465 зорчигч, 463 тээврийн хэрэгсэл гарсан нь эрс буурсан үзүүлэлт.
ЭМЯ 8006-6829 дугаарын утас 24 цагаар ажиллуулж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 22-29-ны өдрүүдэд 800 гаруй утасны дуудлага авч зөвлөмж өгч ажилласан. Гэхдээ иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа мэдээллийг давтан асуух зэрэг онц чухал бус зүйл асууж байгаа тул битгий хүндрэл учруулаасай гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.
-ДЭМБ-аас онцгой байдал зарласан тохиолдолд ямар хязгаарлалт хийдэг юм бэ?
-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарласантай холбоотойгоор ямар нэгэн аялал, тээвэр, худалдаанд аль болох хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байна. Олон улсын дүрэмд 2005 онд зааж өгсөн. Визд татгалзахгүй, хилийг хаахгүй, шинж тэмдэг байхгүй үед нь хөл хорио тогтоохгүй байх ёстой. ДЭМБ-ын дараагийн хуралдаан гурван сарын дараа болно.