Пакистан улсад хуримынхаа үеэр сүйт залуу уурлаж бухимдсан олонд зодуулж, хөөгдсөн тухай эх сурвалж дамжуулжээ. 30 орчим насны Асиф Рафик Сиддики хуримаа хийн наргиж байхад нь түүний нууж байсан анхны эхнэр нь хуриман дээр ирж сүйт бүсгүйд шинэхэн нөхөр нь түүнээс өмнө хоёр ч эмэгтэйтэй хэдий нь гэрлэсэн гэдгийг хэлсэн байна.
Сүйт залуугийн анхны эхнэрийн хэлсэн үгийг сонссон хуримын зочид уурсан бухимдаж Асиф Рафик Сиддикийг зодож, ёслолоос хөөжээ. Гурав дахь эхнэртэйгэй гэрлэж байсан сүйт залуугийн цамц, өмд нь урагдаж зугтсан байна.
Пакистан улсад нэг эр олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг. Гэхдээ сүйт залуу дахин гэрлэхээсээ өмнө өөр хүнтэй гэрлэсэн гэдгээ мэдэгдэж шинэ сүйт бүсгүйтэй тохиролцох ёстой байжээ.
Үймээний үеэр хийсэн бичлэгт сүйт бүсгүйн хамаатнуудын нэг “юу болсон бэ эгчээ” гэж асуухад Мадиха Сиддики гэгч эмэгтэй “тэр бол миний нөхөр, тэр энэ хүүхдийн эцэг. Тэр Хайдерабад руу гурав хоног явчихаад ирнэ гэж надад хэлсэн” хэмээн бага насны эрэгтэй хүүхэдтэй хамт явж байгаагаа заан ярьжээ. Мөн хуримын ёслолд оролцож байсан хадам ээж, хадам эгчээ заан тэд манай нөхрийн гэр бүлийнхэн гэж хэлсэн байна.
Хуримын ёслол дээр ирсэн Сиддики 2016 онд Асифтай гэрлэсэн ба дараа нь түүний нөхөр Зехра Ашраф гэх эмэгтэйтэй хоёр дахиа нууцаар гэрлэсэн гэдгийг гар утсыг нь шалгаж байгаад мэджээ.
Офицерууд хуримын ёслол нь бүтэлгүйтсэн эрэгтэйг олны үймээнээс аварч, цагдаагийн газарт авчирсан ч сүйт бүсгүйн хамаатнууд түүнийг гарч ирэхийг хүлээн цагдаагийн газрын гадаа хүлээж байсныг эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: BBC