Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль үйлчлэх энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гарлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшингийн гаргасан үйл ажиллагааны удирдамж гарлаа. Удирдамжид:
-Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, Шуурхай штаб байгуулах
-Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг бэлэн байдлыг хангах
-Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг энэ сарын 13-ны 16.00 цагаас эхлэн зогсоох
-Хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын тээврийн хэрэгслийг ариутгах хэрэгслээр хангаж, ариутгах
-Олон нийтийг хамарсан хурал цуглаан зохион байгуулахгүй байх
-Шашны байгууллагуудын зан үйл, цуглаан иргэд олон нийтийг оролцуулахгүй байх
-Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 10 заалт тусгажээ.
БНХАУ-д коронавирус гарснаас хойш 45 хоногийн хугацаанд Монгол улсад бүртгэгдээгүй нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулж буй хэрэг юм. Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 4.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Хилийн цэргийн ерөнхий газраас “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт галт тэргээр хэвийн явагдаж байгаа. Харин нүүрс тээвэрлэлтийг хориглосон бол зэсийн баяжмалын экспорт хэвийн байгаа. Долоо хоногт хоёр удаа галт тэргээр БНХАУ-аас зорчигчдыг тээвэрлэж байгаа бол авто замын боомтоор нэвтрүүлэхгүй байгаа.
Төрийн байгууллага нь коронавирусийн халдварийн талаар үнэн зөв мэдээлэл түгээж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах нь өөрөө зөрчил хэмээн үздэг. Иймд иргэд ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэл итгэх, хуурамч мэдээллийг бусдад түгээхгүй байхыг зөвлөж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүнсний зах хаахгүй, зам тээврийн хөдөлгөөн хязгаарлахгүй. Тийм учраас хүнсний хомсдол үүснэ гэж айх хэрэггүй, хүнс нөөцлөх шаардлагагүйг онцоллоо. Харин энэ байдлыг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн бол иргэн, аж ахуй нэгжид хариуцлага хүлээлгэх юм. ДЭМБ өвчин тархах хамгийн өндөр эрсдэлтэй орноор Монголыг нэрлэсэн. Хэрвээ өвчин бүртгэгдэх л юм бол улсын хэмжээнд гамшиг нүүрлэнэ гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Тийм учраас иргэн бүр хариуцлагатай байхыг анхаарууллаа.