Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа өнөөдөр (2020.02.13) чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
Гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажил эхлэх учир би ажлаа өглөө. Сонгуульдаа төвлөрөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч миний хүсэлтийг хүлээж авна гэж амласан учир өнөөдөрөөс ажлаас чөлөөлж өгнө гэж итгэж байна.
Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн С.Эрдэнэ даргын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцоно. Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны ЕНБД-аар ажиллаж буй Ө.Шижир ажиллана гэв.
ЕТГ-ын дарга З.Энхболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Та хаанаас нэр дэвших вэ?
-Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ.
-Таныг Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвалжлага”-ыг захиалж хийлгэсэн гэж үзэж байна?
-Би тэр нэвтрүүлгийг зөв гэж бодож байгаа учраас хуваалцсан. Тэнд ИТХ-ын гишүүн болохгүй л бол тендер олддоггүй балай систем үйлчилж байна. Тиймээс бусад аймгууд ч гэсэн ийм нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Сэтгүүлч нар ил болгох хэрэгтэй. Г.Батхүү агсан бид хэд Я.Содбаатар нар шиг ЖДҮ-ийн зээл авч байгаагүй. Тийм ёс зүйгүй байгаагүй юм.
-Таныг С.Эрдэнийг өмөөрч ерөнхийлөгчтэй ам зөрсөн гэсэн мэдээлэл байна?
-Би хэнтэй ч санал зөрөөгүй. Өмнөх сонгуулиар би онгоцтой улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Одоо амиа бодмоор байна. Аль нэг тойрог сонгож ажилламаар байна. Уг нь ажлаа өгөхгүй хийж болох ч энд байхаар хэл аманд ороод байгаа учир Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Ардчилсан нам нийт нэр дэвшигчдийнхээ дөрөвний гурвыг цоо шинэ хүнээр бүрдүүлнэ. Хуучин гишүүн байсан арваад хүн л нэр дэвшинэ.