Увс, Хэнтий, Говьсүмбэр, Завхан аймагт их хэмжээний цас орсны улмаас малдаа болон хөдөө орон нутаг руу зорчиж байсан иргэд сураггүй алга болсон гэх дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг явуулж иргэдийг эсэн мэнд олсон байна.
Одоогийн байдлаар Баянхонгор, Дундговь аймагт сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг хийж байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр багийн ‘’Ихэр’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/ Иргэн А /48 настай, эрэгтэй/ 02.12-ны өдрийн 15:00 цагийн орчимд малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус сумын 7 иргэн, 2 автомашинтай 20:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дундговь аймгийн Адаацаг сумын Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Адаацаг сумын чиглэлд иргэн П /29 настай, эмэгтэй/ Л-ийн эзэмшлийн Харейр суудлын автомашинтай иргэн А/61 настай, эмэгтэй/ Е/7 настай, эмэгтэй/, М /2 настай, эмэгтэй/, Е /4 сартай, эрэгтэй/ нар 15:00 цагийн орчим гараад одоог болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 00.06 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь 9 иргэн, 3 автомашинтай 00.20 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, сумын 4 иргэн, 1 эмч, 1 автомашин, нийт 18 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.