Хонконгийн оршин суугчдын амьдардаг орон сууцанд хоёр өөр давхарт амьдардаг иргэд коронавирусийн халдвар авсныг албаныхан тогтоожээ. Тиймээс эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор тархаж байж болзошгүй гэж үзэн тухайн орон сууцанд амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай өнөөдөр мэдээлсэн байна.
Мөн тэдгээр оршин суугчдыг халдвар авсан байж болзошгүй тул тусгаарлажээ. Хамгийн чухал нь тус вирусийн тархах чадвар эрдэмтдийн тооцоолж байснаас ч хүчтэй байж болзошгүй гэсэн айдас үүсч байна.
Хонконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвөөс өгсөн мэдээллээр орон сууцны угаалгын өрөөний агаарын хоолой задарсан байсан бөгөөд халдвар авсан иргэний амьдарч байсан өрөөнөөс 10 давхраар доор өрөөнд амьдардаг 62 настай эмэгтэй вирусийн халдвар авсныг тогтоожээ. Мөн гурван өөр хаалганд амьдардаг дөрвөн хүнд шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг хэдий нь илэрсэн байна.
Тиймээс 23 давхар өндөр Хон Мэй Хауст амьдардаг бүх иргэдийг хэсэгчлэн тусгаарлажээ. Хонконгийн удирдагч Кэрри Лам халдвар агааржуулалтын хоолойгоор дамжин тархаж байгаа эсэхийг нарийвчлан судалж, шинжлэхээ мэдэгдсэн байна.
Энэ дашрамд мэдээлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар хавар буюу дөрөвдүгээр сард цаг агаар дулаарах хүртэл тархалт нь зогсохгүй гэж Нью Хэмпширт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: The New York Times