Гуан Дун мужийн халдварт өвчин судлалын төвөөс бэлтгэн гаргасан гарын авлагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс танилцуулж байна.
-Шинэ хэлбэрийн корона вирус гэж юу вэ?
-Шинэ хэлбэрийн корона вирус гэж урьд өмнө нь хүний биеэс илэрч байгаагүй шинэ вирусийг хэлж байна. 2019 оны 12 сард У хань хотод уушгины үрэвсэлт өвчин үүсгэсэн вирус бол шинэ хэлбэрийн корона вирус юм. ДЭМБ-аас энэ вирусыг 2019-nCoV гэж нэрлэжээ.
-Шинэ хэлбэрийн корона вирус нь SARS, MERS-ээс ялгаатай юу?
-Шинэ хэлбэрийн корона вирус болон SARS, MERS вирус нь гарал үүсэл нэгтэй корона вирусүүд юм. Гэвч генийн хувьслын үр дүнд өөр хоорондоо ялгаатай болж задарсан байна.
-Ямар хэлбэрийн корона вирус хүнд халдварладаг вэ?
-Одоогоор У хань зэрэг хотод уушгины үрэвсэл үүсгэсэн шинэ хэлбэрийн корона вирус болох 2019-nCoV-ээс гадна HCoV-229E, HCoV0C43, SARS-CoV, HCoV-NL63, HCoV-HKU1, MERS-CoV зэрэг 6 зүйл хүнд халдварладаг корона вирус байдгийг эрдэмтэд илрүүлээд байна.
-Шинэ хэлбэрийн корона вирус хүнээс хүнд халдварладаг уу?
-Халдварлана. Шинэ хэлбэрийн корона вирус юунаас үүссэн нь тодорхойгүй байгаа ч хүнээс хүнд тархан халдварласан нь тодорхой болоод байна.
-Шинэ хэлбэрийн коронавирус хэрхэн тархан дэлгэрдэг вэ?
-БНХАУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгаанд үндэслэвэл шинэ хэлбэрийн коронавирус нь шүлс, цэр зэргийн үсэрхийллээс тархан халдварладаг байна. Мөн ойртож хүрэлцсэнээс үүдэн тархах боломж байж бий. Гэвч агаарт дангаар оршиж агаар дуслын замаар тархан дэлгэрэх бололцоотой эсэхийг хараахан нотлоогүй байна.
-Шинэ хэлбэрийн корона вирус өргөн хэмжээгээр тархах эрсдэлтэй юу?
-БНХАУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгаанаас харахад шинэ хэлбэрийн корона вирус нь зохих хэмжээнд тархах эрсдэлтэй. Хэрвээ сэргийлэх арга хэмжээ авахгүй бол 1 өвчтөн 2-3 хүнд халдаах боломж бий.
-Шинэ хэлбэрийн корона вирусний эсрэг вакцин бий юу?
-Шинэ хэлбэрийн корона вирус нь нэг зүйлийн шинээр илрүүлсэн вирус учраас одоохондоо түүнд тохирох вакцин хараахан гараагүй байна. Шинэ хэлбэрийн корона вируст тохирох вакцин гаргаж авахад тодорхой хугацаа шаардагдана.
-Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас сэргийлэх эм бий юу?
-Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас сэргийлэх тусгай эм одоохондоо гараагүй.
-Шинэ хэлбэрийн корона вирусээр халдварласан уушгины үрэвслийг эмчилж чадах уу?
-Одоохондоо шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас үүссэн өвчнийг тусгайлан эмчлэх арга барил байхгүй боловч шинж тэмдгийн эмчилгээ хийх нь өвчнийг илаарьшуулахад нэмэртэй байна. Мөн өвчтөнд тохирох асаргаа сувилгаа хийж тодорхой үр дүнд хүрч байна.
-Корона вирусийн халдвар авсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Корона вирусийн халдвар авсан хүмүүст өвчний хүнд хөнгөнөөсөө хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Ихэнх тохиолдолд халуурах, ханиах, амьсгал давчдах, амьсгал давчдах шинж илэрдэг. Нэлээд хүндээр өвчилсөн бол халдварлал нь уушгины үрэвсэл, хүнд цочмог амьсгалын хам шинж, бөөрний дутагдал үүсгэж, үхэлд хүргэх аюултай. Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас үүссэн уушгины үрэвсэлт өвчний шинж тэмдэг нь ихэвчлэн халуурах, ядарч сульдах, хий ханиалгах шинжтэй байна. Хамар битүүрэх, нус гоожих зэрэг дээд амьсгалын замын шинж харьцангүй цөөн илэрч байна.
Өвчилсөн хүмүүсийн 50 хувьд нь нэг долоо хоног орчмын дараа амьсгал цухалдах хам шинж илэрч байна. Онцгой хүнд тохиолдолд маш хурдан хугацаанд түргэн чанартай амьсгал цухалдах хам шинж илэрч шок, хордлогонд орж, үхэлд хүргэж байна. Зарим тохиолдолд өвчин үүсэх үеийн шинж нь хөнгөн бөгөөд халуурахгүй ч байж болно.
-Халуурах, ядрах, хий ханиалгах шинж тэмдэг илэрсэн бол шинэ хэлбэрийн корона вирусийн халдвар авсан гэж ойлгож болох уу?
-Олон тооны амьсгалын замын өвчин бүгд халуурах, ядарч сульдах, хий ханиалгах шинж тэмдгээр илэрдэг. Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан эсэхийг мэргэжлийн эмч өвчтөний өвчлөхөөс өмнөх үеийн байдал, сэжигтэй өвчтөнтэй ойр харилцаж байсан эсэх, шинжилгээний үр дүн зэргийг үндэслэж, хам магадлалт хийж тогтооно. Иймээс шинэ хэлбэрийн корона вирусээр халдварлагдсан сэжигтэй шинж тэмдэг илэрвэл айн сандрах хэрэггүй. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайтар авч, даруй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.
-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай вэ?
-Халуурах, сульдах, булчин болон цээжээр хөндүүрлэж өвдөх, ханиах, амьсгал цухалдах шинж илэрвэл даруйхан эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Мөн өвчний шинж тэмдэг илрэхээс 14 хоногийн доторх аялал, зорчсон газар орон, ойр харилцаанд орсон тухайгаа нарийн тоочиж, оношилгоогоо тодорхой болоход туслах үүрэгтэй.
-Танд шинэ хэлбэрийн коронавирус халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Та өөрийгөө шинэ хэлбэрийн корона вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэвэл ажил сургуульдаа явалгүй, харьяалагдах өрхийн эмнэлэг юм уу ойр хавийнхаа эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ халдварт өвчин гарсан газар оронд зорчсон бол эмчид заавал хэлээрэй. Халдвар авсан үеэсээ хойш ойр харилцаанд орсон хүмүүсээ ч эмчид хэлж, эмчийн асуулга шинжилгээнд туслах хэрэгтэй. Үүний зэрэгцээ өрөө тасалгаандаа агаар оруулж, ариутгал цэвэрлэгээ хийж, гэртээ байсан ч амны хаалт зүүн, гэрийнхэнтэйгээ хэт ойр харилцахаас зайлсхийх нь зүйтэй. Хувийн ариун цэврийг сайтар сахиж, тухай бүрд гараа угааж байгаарай.
-Ямар хүмүүст шинэ хэлбэрийн корона вирус амархан халдварлаж байна вэ?
-Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас үүссэн уушгины үрэвсэлт өвчин нь шинэ гарсан өвчин учраас энэ өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа хэнд ч тогтоогүй байж болно. Тандалт судалгаанаас харвал ахмад настан, залуучууд, хүүхэд гээд бүх насны хүмүүст энэ вирус халдварлаж болзошгүй бөгөөд, ахмад настай хүмүүс харьцангуй олноор өвчилсөн байна.
-Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас хэрхэн сэргийлэх вэ?
-Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас урьдчилан сэргийлэхийн тулд:
-Шинэ хэлбэрийн корона вирусээс сэргийлэхийн тулд хэрхэн ариутгал цэвэрлэгээ хийх вэ?
-Шинэ хэлбэрийн корона вирус халуунд тэсвэргүй. Целсийн 56 градуст 30 минут болоход вирус устана. Хлор агуулсан ариутгагч бодис, спирт, йодын төрлийн ариутгах бодис энэ вирусыг тодорхой хугацаанд устгаж чадна. Арьсыг ариутгахад 75%-ийн спирт, йодын уусмал хэрэглэх бөгөөд бусад салслаг бүрхэвчийг ариутгах тусгай ариутгалын бодисыг хэрэглэнэ. Гэр, өрөө тасалгаагаа ариутгахад хлорамины уусмалыг
зөвшөөрөгдсөн хэмжээгээр шингэлж (юуг ариутгахаас хамааран 1 литр тутамд 200-500 миллиграмм) найруулан арчих буюу дэвтээж ариутгана.
Халуунд даацтай эд бодисыг 15 минут орчим чанаж ариутгана.
-Амны хаалтыг хэрхэн сонгох вэ?
-Амны хаалт зүүх нь амьсгалын замын халдварлалаас сэргийлэх хамгийн шалгарсан арга юм. Одоогийн байдлаар эмийн сан, дэлгүүрүүдээр ихэвчлэн эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн амны хаалт, эмнэлэгт хэрэглэдэг сэргийлэн хамгаалах (тухайлбал N95) амны хаалт болон энгийн нэг удаагийн амны хаалт худалдаалж байна. Үүнээс гадна даавуу маарал болон бусад материалаар хийсэн амны хаалт ч байна. Ердийн нөхцөлд эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн амны хаалт зүүхэд вирусийн халдварлалаас хангалттай сэргийлж чадна. Мэдээж эмнэлэгт хэрэглэдэг сэргийлэн хамгаалах N95 амны хаалт хэрэглэх нь сэргийлэх үр дүн харьцангүй илүү. Гэвч түүний агаар нэвтрүүлэх чанар хангалтгүй байдаг тул удаан хугацаанд зүүхэд тохиромжгүй талтайг анхаарууштай.
-Өрөө тасалгаагаа хоолны цуугаар ариутгавал шинэ хэлбэрийн корона вирусийг устгаж чадах уу?
-Чадахгүй. Хүнсэнд хэрэглэдэг цууны хүчлийн агууламж тийм ч өндөр биш байдаг тул ариутгах чадалгүй, харин ч хүний нүдний салст болон амьсгалын замын эрхтэнийг цочроох эрсдэлтэй.
-Вирусний эсрэг эм болох phosphoric acid, oseltamivir зэргийг уувал шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалтаас сэргийлж чадах уу?
-Хэдийгээр phosphoric acid, oseltamivir зэрэг нь вирусний эсрэг эм боловч шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас сэргийлж чадах эм мөн эсэхийг одоогийн байдлаар тогтоож чадаагүй.
-Антибиотек уувал шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалтаас сэргийлж чадах уу?
-Чадахгүй. Шинэ хэлбэрийн корона вирусээр халдварлагдсан уушгины үрэвслийн өвчин үүсгэгч нь нян биш вирус юм. Харин антибиотек нь нянгийн эсрэг эм бөгөөд бактерийг дарах ерөндөг болдог. Иймээс антибиотекийг эмчийн заалтгүй буруу хэрэглэвэл эсрэгээрээ өвчин үүсгэгчийн эмд дасан зохицох чанарыг нэмэгдүүлж болзошгүй.
-Витамин С уувал шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалтаас сэргийлж чадах уу?
-Чадахгүй. Витамин С нь бие махбодын хэвийн өвчин эсэргүүцэх чадварыг баталж чадах ч, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж чадахгүй бөгөөд ялангуяа вирусийг эсэргүүцэх нөлөө үзүүлдэггүй, зөвхөн өвчнийг эмчлэх явцад өвчний эдгэрэлтийг хурдасгахад туслах нөлөө үзүүлдэг.
-Амны хаалтыг давхарлан зүүвэл шинэ хэлбэрийн коронавирусийн халдварлалтаас сэргийлж чадах уу?
-Амны хаалтыг давхарлан зүүх хэрэггүй, ганцыг зүүхэд хангалттай. Амны хаалтыг гурав дөрвөөр нь давхарлан зүүх нь агаар чөлөөтэй нэвтрэхэд саад болж, эсрэгээрээ сэргийлэн хамгаалах үр дүнгүй болно. Үүний зэрэгцээ N95 буюу эмнэлэгт өвчтөнтэй шууд харьцах үед хэрэглэдэг амны хаалтыг заавал сонгон хэрэглэх гэсний шаардлагагүй, эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн энгийн амны хаалт хэрэглэсэн ч шүлс цэр үсрэн халдварлахаас сэргийлж чадна.
-Ханиад, томуугийн вирусээс сэргийлж ханиад томууны вакцин тариулдаг. Энэ вакциныг тариулбал шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалтаас сэргийлж, вирусээр халдварласан ч гэсэн өвчин хүндрэхгүй байж чадах уу?
-Томуугийн вакцин нь томуу томуу төст өвчин тусахаас сэргийлж чадахаас биш шинэ хэлбэрийн корона вирусээс сэргийлж чадахгүй. Хэдийгээр томуугийн вакцин тариулсан байсан ч шинэ хэлбэрийн корона вирусээр халдварлагдах магадлал хэвээр бөгөөд өвчлөл хүнд маягаар ч илэрч болзошгүй.