УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Ингэж мэдэгдсэний дараа түүнийг буруутгаж байсан буруутгал эсрэгээр эргэж, “цөстэй буриад юм”, “маш зөв шийджээ” хэмээн хүмүүс сайшааж байна. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэн бүхэн улс төрийн замналаа уртасгаж байсан түүхтэй юм.
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1993 онд “эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж” байсан бол 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “улсын нууц задруулсан” гэх хэрэгт шалгуулж байх үедээ сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөж байв.
“Намын нэр сольсонтой холбоотой бүхий л хариуцлагыг би үүрнэ” хэмээн мэдэгдэж байсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2012 онд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Тухайн үедээ “эхнэрээ эмчлүүлэх” гэсэн шалтгаан хэлж байсан боловч, угтаа намаа сонгуульд ялагдахад хүргэсэн хариуцлагаа хүлээж, гишүүнээсээ татгалзлаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Харин өнөөдөр Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргана гэдгээ мэдэгдчихлээ. УИХ хэлэлцээд, хүсэлтийг нь хангах биз. УИХ-ын гишүүний эрх дарх хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болох учиргүй гэж хэлсэн нь тун зөв юм.
Н.Номтойбаяр ийн шийдсэнээрээ зоримог, шийдэмгий, асуудлаас хойш суудаггүй гэдгээ харуулчихлаа. Улсын их хурлын гишүүн биш болсон ч улс төрийн замнал нь дуусдаггүй гэдгийг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн эрхмүүд нотолсон. Дуусах нь бүү хэл харин уртасдгийг Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар өөрийн биеэр харуулсан.
Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн УИХ-ын гишүүд түүнийг ийм зоримог шийдвэр гаргана гэж бодоогүй нь тодорхой. Ийм нүүдэл хийсэнд нь харин одоо тэд сайшааж байгаа нь дамжиггүй. Хоёронтоо сонгосон Дорнодын сонгогчид нь ч талархан хүлээж авч байгаа нь баараггүй.