Будапешт-2018 бөхийн төрлүүдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дмитрий Коркиний нэрэмжит Олон Улсын Тэмцээний мөнгө, “Монголиа Опен” Олон Улсын Тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальт, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж тавдугаар байрт орсон юм.
Тэрбээр Будапештэд 1/16 шигшээд Иракийн Давод Аль Дулаимиг оноогоор цэвэр (10:0), 1/8 шигшээ барилдаад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Гринийг 4:2-оор ялсан ч шөвгийн наймд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын Магомедрасул Газимагомедов хүч үзэж 0:5-аар ялагдсан билээ.
Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд “Баку-2015” Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай цэвэр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвилитэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдсан. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон Б.Бямбадорж дэлхийн шилдгүүдтэй айж бэргэлгүй зоримог, дайчин, ухаалаг барилдав. Түүнийг цаашид дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээн хүлээж байгаа. Өчигдөр 92 кг-д Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол 65 кг-д Т.Тулга жиндээ долдугаар байрт орсон юм. Будапештийн дэвжээнд монголын эрэгтэйчүүдийн баг долдугаар байрт жагсав.