- Хэрэв тэр “ялбал” хэний эсрэг хэрхэн “тэмцэх” нь тов тодорхой болно –
Гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг УИХ маргааш нэгдсэн хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэнэ. Улсын ерөнхий прокурорын тавьсан уг саналыг өчигдөр Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал өгсөн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналын харьцааны талаарх мэдээлэл ил болсонгүй
Өмнө нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн. Одоо нэг дэд, хоёр байнгын хорооны шийдвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар нэг гишүүнээ бүрэн эрхтэй нь үлдээх, эсэхийг тодорхой болгоно.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Н.Номтойбаяр энэ парламентад ийм тодотгол зүүх анхны хүн болно. Харин байнгын ажиллагаатай, ардчилсан гэгддэг долоон удаагийн парламентын түүхэнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн дөрөв дэх гишүүн болно, тэр.
1996-2000 онд УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Баттулга нарын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлсэн бөгөөд тэд “казиногийн” гэх хэргээр ял сонссон.
Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдол бишгүй. Энэ парламентад гэхэд л Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал найм дахь нь. Өмнөх парламентуудын үед Л.Гүндалай, Д.Дондог, Ц.Батбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч заримыг нь буцааж, заримыг нь зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, аль ч парламент гишүүнээ тавьж явуулах тун дургүй. Тэр тусмаа дараагийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед яаж ийгээд аваад үлдэхийг хичээнэ.
Гэхдээ энэ удаа арай өөр дүр зураг ажиглагдаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ердөө ганцсан саналын зөрүүтэйгээр хуваагдсан байх жишээтэй.
Хамгийн гол нь УИХ дахь олонхын бүлгийнхэн, эрх баригчид, Н.Номтойбаярын намынхан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар саналаа нэгтгэж чадаагүй. Уг нь тэд үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, 63-уулаа байгаа. Зөв харж инээж, буруу харж уйлаад ч болов Н.Номтойбаярыг хамгаалаад үлдэхэд, ард түмэн “Аргагүй биз дээ” гээд тэгтлээ гайхаж, шогширхоогүй жишиг нэгэнт тогтчихсон.
Өдгөө давж заалдах шатны шүүхээс хоёр жилийн ял сонсоод буй Д.Гантулгыг хүртэл хамгаалаад үлдсэн шүү дээ, гишүүд. Насандаа баймгүй намбагүй аашилсан Д.Мурат, ЖДҮХС-гаас ах дүү, амраг садандаа зээл авч өгч, жирийн иргэдийн боломжийг цөлмөсөн гэж буруутгагдсан Б.Батзориг, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг ч хуулийнханд өгч явуулаагүй. Өдгөө тэдний зарим нь хэдийн яллагдагчаар татагдан шалгуулж буй.
Хэдийгээр Н.Номтойбаярын талаарх ерөнхий прокурорын санал нууц, хаалттай хэлэлцэгдэж байгаа ч тэрбээр УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан явдалтай холбогдуулан өгсөн гэрчийн мэдүүлэг буюу мөрдөн шалгаж буй тус хэргийн нотлох баримтыг задалсан нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан болсон. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны өмнө ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Н.Номтойбаяр гишүүнийг өнөөдөр гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутай, эсэхийг нь ганцхан шүүх тогтоодог. Өнөөдөр яллах, цагаатгах нотлох баримтуудыг л цуглуулж байна. Өөрөөр хэлбэл, ганцхан яллах баримт цуглуулж байна гэж ойлгож болохгүй. Тухайн хүн өөрөө цагаатгах баримтаа цуглуулж өгөх ч эрхтэй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байсан ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ дан ганц дуудсан цагт ирэхийг л мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэж үзэхгүй л дээ. Нотлох баримтуудыг үгүйсгэх гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа. Нотлох баримтуудыг задруулахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д уламжилсан” хэмээсэн нь үүнийг батлах биз.
Юутай ч энэ парламент Н.Номтойбаярыг бүрэн эрхгүй болговол баярлах хүн бишгүй. Улстөрчдийг улам бүр үзэн ядах болсон, бас баян хүнд дургүй монголчууд баярлана. Шударга ёсны салхи эргэлээ гэж “сэвж”, шуугиулж ч магад. Мэдээж үүнийг үгүйсгэхгүй. Үнэний хувь байж ч мэднэ.
Балмад үйлдэл гаргаж, бүдүүлэг үг унагадаг нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд алга таших шалтгаан гарцаагүй мөн. Гэвч түүний дараа хэнийг явуулах бол гэсэн асуулт хаана хаанаа гарч ирнэ. Даргатайгаа таарамжгүй харилцаатай, давилуун залуу гишүүнээс тойргийг нь булаах дайралт, даруулгатай болгох тактик болох тал нь илүү тодорно. Айлгах тактик амилна гэсэн үг.
“Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний нэрийн өмнөөс сонгогдсон УИХ-ын гишүүний ард олон мянган сонгогч, иргэн бий, төрийн түшээ, түүний бүрэн эрхэд улс төрийн зорилгоор халдах вий” хэмээн түдгэлзүүлэх саналаас бултаж ирсэн үе үеийн түшээдийн болгоомжлол бодит айдас, боломжит эрсдэл рүү илүү ойртоно.
Магадгүй сонгуулийн дараа түүнийг шалгах шаардлагагүй, гэм буруугүй хэмээн эрх бүхий байгууллагаас зарлахыг үгүйсгэхгүй. Өрсөлдөгч нь улс төрийн зорилгоор, ирэх сонгуульд оролцуулахгүйн тулд зохион байгуулалттай, цогц “арга хэмжээ” авч байна хэмээн тэр өөрөө ч мэдэгдээд амжсан. Сонгууль болтол зай ч, лай ч байна. Өөр хэн нэгнийг ийм маягаар тойргийн төлөөх өрсөлдөөнөөс шахаж болох сэдэл, жишиг тогтох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, өөр хэний ч нэрийг ерөнхий прокурор УИХ-д оруулж ирж магадгүй. Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг хуулиар бус, ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн халж, солих эрх зүйн орчныг энэ УИХ-ын гишүүд бүрдүүлчихсэн шүү дээ.
Тэгвэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол яах вэ. Энэ явдал түүнд сануулга болж, ир, шарыг нь мохоох нь юу л бол. Тойроггүй үлдлээ ч бие даан нэр дэвших нь тодорхой.
Харин ч Н.Номтойбаяр хэний эсрэг хэрхэн “тэмцэх” нь тов тодорхой хийгээд нууж хаах зүйлгүй, “өнгөтөөр” өрнөнө. Бараг 30 жилийн турш сонгууль бүрээр, ер нь улс төрийн асуудал босох болгонд сэдэрдэг “С.Зоригийн” гэх хэрэгтэй адил Г.Батхүү агсан амиа алдсан хэрэг явдал ам дамжсан сэдэв болж, ясыг нь өндөлзүүлсээр үлдэх, төгсгөлгүй улстөржилтийн эхлэл тавигдана. Үхэл хагацал, өнгө мөнгө, урвалт, улигт муу бүхнээс үл цээрлэх бүхнээр манай улс төр баяжина.
Эх сурвалж: unuudur.mn