“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд буй БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах нь. Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзлоо хангаад буй тэрбээр шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ. 65 кг-ын жинд манай ОУХМ Х.Болортуяаг ялсан Канадын бөх шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдахаар боллоо.