Х.Болортуяа Канадын бөхөд сөхрөв
65 кг-ын жинд Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ий гурван хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Ли Хан Биг цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая 1/8 шигшээд барилдаанд оюутны болон залуучуудын дэлхийн аварга Канадын Сюзанне Лаппагед оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.
68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг тэгшитгэлд Сенегалийн Анта Самбоуг цэвэр ялаад байсан. Тэгвэл 1/8 шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссоныг 5:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд АНУ-ын Тамыра Менсатай хүч үзнэ.
72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшны тамирчин, МУГТ О.Насанбурмаа 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0) ялав. Тэрбээр шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосунтай өрсөлдөн хүч үзнэ.
76 кг-ын жинд “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2006 оны оюутны дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Наранчимэг Пан-Америкийн наадмын мөнгө, Пан-Америкийн АШТ-ий гурван хүрэл медальт Венесуэлийн Хосе Мариа Агостаг цэвэр яллаа. Тэрбээр шөвгийн наймд эзэн орны Занетт Неметтэй барилдахаар болов.