СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-23

Гэрчилгээгээ авч амжаагүй байсан нярай, гэр бүлийн хамт галд энджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж, нас барсан хэргийн мөрөөр бид Сонгинохайрхан дүүргийн ЗЗ дугаар хороог зорив. Хотын төвөөс 30 гаруй километрийн зайд орших тус хорооны Баянтүрүүн хэсгийн 5-... тоотын эрж, хайж явсаар хашааных нь үүдэнд ирлээ. Уулын энгэрт модон хашаа хатгаж, хагас дутуу барьсан байшингийн хаяанд талийгаач Д гэрээ барьсан байв.

Эднийх хашаагаа худалдаж аваад удаагүй бөгөөд сарын өмнө нүүж иржээ. Мөн эхнэр нь төрөөд удаагүй, хүүхдийнхээ гэрчилгээг авч амжилгүй, ийм харамсалтай хэрэг болсон аж. Таван ханатай гэрт талийгаач Д нь 57 настай хадам аав, 31 настай эхнэр, аравтай хүү, долоо хоногтой нярайтайгаа хамт амьдардаг байжээ. Барьж дуусаагүй байшин, шинэхэн ухсан жорлон, шатаж дуусаагүй гэрийн эд хогшлийн үлдэгдэл, бууриа сахиж, үлдсэн нохойноос өөр амьд амьтан энд алга. Буурин дээр нь газраа тэгшилж, тавьсан тоосго, үүднийх нь амбаарт байсан бололтой тогоо шанага, хоймортоо залсан бурхных нь бор авдар, унтаж байсан хүрэн модон ор нь хагас дутуу шатаад үлджээ.

Орон дээрээ дэвссэн зузаан гудас, нөмөрч байсан ягаан даавуутай хөнжлийн ихэнх хэсэг нь шатаж, үнс нурам дотроос үл ялигхан цухуйж харагдана. Аравхан настай балчир хүүгийнх нь бололтой жижигхэн улаан машин, ном, дэвтэр гэрийнх нь зүүн хаяанд байв. Нэг хананых нь доод талын хэсэг доогуураа шатаагүй үлджээ. Модон сандал, гурилын элдүүр нь хөө тортог болж, буурин дээрээ хэвтэнэ. Гэрийн буурины голд зуух, яндан байсан юм. Нохой нь бууриа сахиад, нүд нь нуухтсан бололтой нулимс нь урсаж, шатсан гудас хөнжлийнхөө үлдэгдэл дээр сууж байлаа. Талийгаачидтай хамт гэрт нь шар алаг муур байсан бололтой тал бие нь шатчихсан байв. Албаныхан талийгаачдын цогцсыг аль хэдийн аваад явчихсан, гэрийнх нь буурийг цэвэрлэхээр хүмүүс иржээ.

АЙЛ ШАТАЖ БАЙНА ГЭСЭН ДУУДЛАГА 05.54 ЦАГТ ИРЖЭЭ

Нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт таван ханатай айлын гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн гэнэ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах XVI ангийн найман албан хаагч газар дээр нь ажилласан аж. Дуудлага хүлээж авснаас хойш 18 минутын дараа буюу 06.12 цагт аврагчид очжээ. Ингэхдээ Таван шараас Баянтүрүүн хүртэлх 17 км замыг туулсан байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Гал унтраах XVI ангийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Алтантуяа “Манай албан хаагчид цаг алдалгүй газар дээр нь очиж ажилласан. Эрдэнэт таван хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Дуудлага мэдээлэл өгсөн хүн Баянтүрүүны 4-.. гэдэг хаяг өгсөн ч шатсан айл маань 5-... тоотод амьдардаг байсан. Айлын нягтаршил цөөхөн учраас гудамж талбайд цаг алдалгүй ирсэн. Галын дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй байна. Юунаас болж гал гарсан эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээлээ.

Талийгаач Д-гийн эргэн тойрон хэд хэдэн айл хөрш залгаа амьдардаг. Гал гардаг өдөр хөршүүд нь ч бас ирж, унтраалцсан байна. Урд талын хамар хашааны эзэн О.Бямбажав “Гал гарч байсныг тухайн үед мэдээгүй. 06.00 цаг өнгөрч байхад цагдаа, онцгой, эмнэлгийн машины дохиогоор сэрээд гарахад хойд талын айл шатаж байсан. Гэгээ ороогүй, харанхуй байсан болохоор хажуу талын айлууд нь сайн мэдээгүй. Сандарч, хувцсаа өмсөн, гүйж очиход шатаад бараг дуусаж байсан. Шатдаг айл манай энд нүүж ирээд удаагүй байсан болохоор сайн танихгүй. Ямар ч гэсэн хоёр хүүхэдтэй, нэг нь төрөөд удаагүй байсан. Хашаан дотор нь байгаа байшинд зун өөр айл амьдардаг. Тэднийх өнгөрсөн аравдугаар сард нүүж, оронд нь эднийх ирсэн” гэлээ.

ТАЛИЙГААЧ Д МАШИНАА ХАЛААГУУРААР ХАЛААЖ БАЙХАД ЦАХИЛГААНААС ГАЛ ГАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭВ

Өмнө нь талийгаачийн эхнэр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 11 дүгээр хэсэгт арван настай хүүтэйгээ амьдардаг байсан аж. Талийгаач Д-тэй жилийн өмнө гэр бүл болж, өрх тусгаарлаж, ам бүл нэмээд байсан нь энэ. Хэргийн талаар тус хорооны Засаг дарга Г.Тэмүгэ “Биднийг өглөө газар дээр нь очиж ажиллахад “Эдван” загварын автомашины хамар харлаж, дутуу шатсан байдалтай байсан. Хүмүүсийн ярьж байгаагаар талийгаач үүрээр машинаа халаагуураар халаагаад, унтсан байж магадгүй. Халаагуур залгаж байсан цахилгаанаас гал гарсан байх магадлалтай. Манай хороонд нүүж ирээд удаагүй болохоор хаана, ямар ажил хийдэг нь одоогоор тодорхойгүй. Талийгаачдийн гэр бүлийн хүмүүсийг хаягаар нь хайлгаж дуудсан. Хэчнээн бид газар дээр нь ажилласан хэдий ч өнгөрсөн хүний өмнөөс таамаглал дэвшүүлэх боломжгүй” гэв. Биднийг шатсан айлд очиход талийгаачийн машин хашаандаа байхгүй байв. Мөн машины үлдэгдэл ч байгаагүй юм.

Талийгаачийн эхнэрийн ахтай утсаар холбогдоход “Галын урьдчилсан дүгнэлт гараагүй учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Шинэ хашаандаа нүүж очсоноос нь хойш би тэдэнтэй уулзаагүй. Гал 03.40-05.40-ийн хооронд гарсан гэж тэнд ажилласан хүмүүс тогтоосон. Аав маань дүүгийнд амьдраад удаагүй байсан. Ойрд утсаар ч яриагүй байсан” хэмээв.

Хорвоод хүн болж мэндлээд сар ч хүрээгүй нярайдаа нэр хайрлаж, Монгол Улсын иргэн болсныг нь тунхаглаж амжалгүй нэгэн айлын гал бөхлөө. Өвлийн улиралд айл өрхүүд галын аюулд өртөх магадлал өндөр. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй, бага насны хүүхдийг галаас хол байлгахыг албаныхан анхаарууллаа.

Д.Чанцалдулам

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.