Элэг бол дүлий эрхтэн. Ямар нэгэн өвчин, зовиур тэр бүр илэрдэггүй учраас манайхан хожимдсон хойно нь эмнэлэгт хандаж, хавдартай болсноо мэдээд, төд удалгүй насан эцэслэдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзлэх болсон нь дэлхийн дунджаас даруй зургаа дахин их үзүүлэлт юм.
Иймээс Засгийн газраас үүнд онцгойлон анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө тусгаж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан байдаг. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж буй. Эхний шатанд гепатитын В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны иргэдийг хамруулсан бол хоёр дахь шатанд 15-39 насны 1.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 18.8 тэрбум төгрөг, 2018 онд 19.8 тэрбум төгрөг зарцуулсан.
2019 онд нийт 1.05 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьжээ. Ийн В, С вирусийн халдварыг илрүүлэх, вирусийг тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг.
Ингэснээр иргэд В, С вирусийн илрүүлэг оношилгоог харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагадаа үнэ төлбөргүй өгнө. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарвал эрүүл мэндийн хоёр дахь шатлалын байгууллага болон тусгай зөвшөөрөлтэй лабораториудад В, С вирусээ тоолуулах шинжилгээг үнэгүй өгөх эрхтэй. Уух эмийг ч мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зөвшөөрөлтэй эмийн сангуудаар дамжуулж худалдан авна. Өөрөөр хэлбэл, шинжилгээ, оношилгооноос эхлээд эмчилгээ хүртэлх үйл явцын зардлыг төр хариуцаж байгаа гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөрийг далимдуулан бизнес хийж, эмч хүний ёс зүйгээ уландаа гишүгэж, мөнгө олохын тулд хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглох болжээ.
Дээр өгүүлсэн В,С вирусийг тоолох шинжилгээг хийхийн тулд ур чадвартай, олон жил ажилласан дадлага, туршлагатай мэргэжилтэн байх шаардлагатайгаас гадна багаж, тоног төхөөрөмж, оношлуур нь ч маш өндөр үнэтэй. Иймээс манай эрүүл мэндийн салбарт бараг анх удаа гэж болохуйц үйл явдал болсон нь хувийн лабораториудыг үүнд татан оролцуулсан нь байв. Холбогдох байгууллага сонгон шалгаруулалт явуулж, 21 лабораторийг сонгожээ. Гэвч тэдний талаас илүү хувь нь өмнө нь хэзээ ч ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй, боловсон хүчин, багаж төхөөрөмжгүй байж. Сүүлд лабораторийн тоо 28 болж нэмэгдсэн. Эдгээр лабораторийг чухам ямар шалгуураар сонгосон нь өнөө хэр эргэлзээтэй байгаа юм. Мэдээж тэдний дунд сайн лаборатори цөөнгүй бий.
Дээрх лабораториуд В, С вирусийг тоолж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохын тулд молекул, биологийн шинжилгээ хийх ёстой. Гэхдээ энэ шинжилгээг хэн дуртай нь хийчихдэггүй. Өнгөрсөн зургадугаар сард ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс дээрх 28 лабораторид шалгалт хийжээ. Шалгалтад лабораториудын олонх нь тэнцээгүй аж. Гэвч үүнийг холбогдох байгууллагынхан нууж, энэ талаар мэдэж байгаа хүмүүсийн амыг барих болжээ.
Өрхийн эмнэлэгт В, С вирустэй байж магадгүй гэж тодорхойлогдсон хүн дүүргийн эмнэлгийн халдварт, дотрын чиглэлийн эрх бүхий эмчээр шинжилгээ, эмчилгээ бичүүлдэг. Эмч нарын бичсэний дагуу лабораторид шинжилгээ хийх эрх үүсэж, тухай хүний В, С вирусийг тоолж, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхэд шинжилгээ хийнэ. Гэтэл лабораториуд өрхийн эмнэлэг болон энэ эмчилгээг бичдэг эмч нартай холбоо тогтоож, тэдэнд хувь амлаж, мөнгө өгдөг гэнэ. Ингэснээр өвчтөнд энэ шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхээс үл хамаарч, хувь авахын тулд шинжилгээ бичиж өгдөг эмч нарын бүлэглэл бий болжээ. Зарим лаборатори бүр шинжилгээ авсан эсэх нь тодорхойгүй гэнэ. Энэ хэрэг шүүх дээр яваа мэдээлэл байна.
Лабораториуд гэрээндээ маш сайн аппарат, тоног төхөөрөмжийн нэр бичиж, хачир дээрээ Хятадын хамгийн хямд өртөгтэй тоног төхөөрөмж, оношлуур ашиглан, шинжилгээ авчээ. Тухайлбал, оношлуур нь зөвхөн судалгаанд хэрэглэдэг, эмнэл зүйд хэрэглэдэггүй, хямдхан эд байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний улмаас лабораториудын энэ чиглэлээр шинжилгээ хийх эрхийг нь хязгаарласан ч өнөө хэд маань хүмүүст “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шинжилгээ авдаг бүх лабораторийг хаасан. Даатгалаар энэ шинжилгээг хийхгүй байгаа. Та зөвхөн төлбөртэй л шинжилгээ хийлгэх боломжтой. Бид ийм үнэтэй шинжилгээг хямдхан хийж байна” гэж худал мэдээлэл тараах болжээ. Шалгалтад тэнцсэн лабораториуд өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар байтал тэд иргэдээс мөнгө авахын тулд арга зохиосон нь энэ. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд шаардлага хангахгүй лабораториудыг өнөө хэр мэдээлэхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Шинжилгээний хариу буруу гарснаар үүсэх сөрөг нөлөө их. Хэрэв хариу буруу байвал тэр хүний эмчилгээ тэр чигтээ үр ашиггүй. Шал дэмий зүйлд улсаас мөнгө гаргасан болж таарна. Нөгөө талаас В,С вирустэй хүнийг эрүүл гэж шинжилсэн бол тэр хүн бүх насаараа эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдах ч эрсдэл үүсэж болох юм. Холбогдох хүмүүс Эрүүл мэндийн даатгалын санг үүнд хяналт тавьж, лабораторийн эмч нараас бүрдсэн хяналтыг баг байгуулахыг хүссэн ч тэд хөдлөөгүй. Хөндлөнгийн хяналт байхгүйгээс олон хүний шинжилгээний хариу буруу гарсныг дотор нь ажиллаж байсан албаны эх сурвалж бидэнд хэлсэн.
Энэ лабораториуд даатгалаас мөнгө авахын тулд чоно борооноор гэгчээр улангасан дайрчээ. Эрүүл мэндийн байгууллага, лабораториуд өөрсдийн эрх ашгийг хамгаалснаас өвчтөний эрх ашгийг огтхон ч бодоогүй нь энэ. Шинжилгээ өгсөн гэж материал бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд явуулсан хүмүүсийн нэрс ч эргэлзээтэй гэнэ.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Лабораториуд 90 мянган хүний шинжилгээг буруу хийсэн байх магадлалтай” хэмээн ярьсан. Энэ хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Шалгалтад тэнцээгүй, шаардлага хангаагүй лабораториуд өдгөө эрхээ сэргээхийн тулд “Бид тоног төхөөрөмжөө сольсон” хэмээн шүүхээр явж байгаа аж. Тэгвэл шинжилгээ нь буруу гарсан иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, улсаас гарсан тэр их мөнгийг хэн барагдуулах вэ. Тэд анхнаасаа яагаад шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан, үйл ажиллагаа явуулж болоогүй юм бэ. Энэ бол ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр.
Бид дараагийн дугаарт шаардлага хангахгүй хэмээн энэ төрлийн шинжилгээ хийх эрхээ хасуулсан лабораториудын талаар мэдээлэх болно.
Шинжилгээнд хамрагдсан 90 мянган хүний олонхынх нь хариу буруу гарсан гэв үү
Вируст гепатит өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жил бүр дэлхий дахинд 1.45 сая хүн нас бардаг. Энэ өвчин монголчуудыг ч тойролгүй дайрч, дэлхийн бусад орны нэгэн адил аюулын харанга дэлдэх болсон. 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсад гепатитын В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа гэсэн тоо бий. Иймээс улс, үндэстнээрээ В, С вирусийг илрүүлэхийн төлөө хөдөлж, энэ өвчнийг хяналтдаа авч, эмчлэх болсон нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 он. Ийн улсынхаа хэмжээнд бодлого боловсруулж, ажиллаж буй орон дэлхийн хаана ч үгүй аж. Иймээс ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг ДЭМБ байгууллага сайшаан хүлээн авч, дотоодын төдийгүй олон улсын эмч, мэргэжилтнүүдээс эхлээд энгийн иргэд, ээж, аав, хамаатан саднаа энэ өвчнөөс болж алдсан хүмүүс алга ташин, баярласан.
Харамсалтай нь энэ вирусийг тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторид ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс өнгөрсөн долдугаар сард шалгалт хийхэд 13 нь тэнцээгүй байгаа юм.
В, С вирусийн шинжилгээгээр монголчуудад хамгийн танил “Хаппи веритас” төв хүртэл энэ шалгалтад хариу өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори, UB нэгдсэн лаборатори шалгалтад тэнцээгүй байв. Мөн тэнцээгүй лабораториудын дотор улсын эмнэлгийн нэр ч байв. Орон нутагт ийм төрлийн шинжилгээ хийх эрхтэй цөөхөн эмнэлгийн нэг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори “Вирусийг тоолохгүй байгаа” гэж мэдэгджээ.
Эдгээр лабораторид тусгай зөвшөөрөл олгож, энэ төрлийн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах эрх олгосон газар нь ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар. Гэтэл нэг ч удаа ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй эмнэлгийн байгууллага яаж яваад тусгай зөвшөөрөл авчихсан нь сонин. Тэр байтугай зарим лаборатори иргэдээс авсан шинжилгээгээ нөгөөдөө дамжуулсан хэрэг ч гарчээ. “Бид чадна” гэж иргэдээс шинжилгээ авч, түүнийгээ өөрсдөөсөө арай дөнгүүр нэгэн рүүгээ явуулсан байгаа юм. Хэрэв шинжилгээний хариу үнэн, зөв гарч байвал тэд бие биедээ дамжуулах нь дүүрч. Гэтэл өнөөх дамжуулсан лабораторийн хариу нь ч буруу байжээ.
Энэ мэт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдаж, В,С вирусээ тоолуулсан иргэдийн хэдийнх нь хариу үнэн, хэд нь буруу гэдгийг мэдэх арга алга. Эх сурвалжийн мэдээлснээр 90 мянган хүний хариу худлаа гарсан байх магадлалтай гэсэн. Хамгийн гол нь иргэд итгэж, найдаж байсан эмнэлэгтээ, эмчдээ хууртжээ. Гэсэн ч тэд өнөөг хүртэл хууртаж байгаагаа мэдээгүй явна. Шалгалтад тэнцээгүй лабораториудад хариуцлага тооцохдоо холбогдох байгууллагынхан зөвхөн вирус тоолох шинжилгээ хийх эрхийг нь цуцалсан байна.
Үнэндээ, тэдний бусад шинжилгээний хариу нь ч үнэн, зөв гарч байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Иймээс энэ лабораториудыг эрүүл мэндийн салбарт дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах ёстой. Гэтэл өнөөх хэд маань эрүүл мэндийн салбарыг доромжилж, “Бид тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ. Дахиад зөвшөөрөл өгөөч” хэмээн таваргаж яваа сурагтай. Бид эмнэлэг, эмчид найдаж шинжилгээ өгдөг. Эмнэлэг, лаборатори нь хувийнх байх тусмаа төлбөр өндөр, үүнийгээ дагаад чанар, үйлчилгээ нь ч сайн гэдэгт итгэдэг. Гэтэл В, С вирусийг тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 13 нь шалгалтад тэнцээгүй, нэг нь хариу өгөхөөс татгалзсан, мөн нэг нь шинжилгээ хийхгүй байгаа гэсэн нь лабораториудын тал нь шаардлага хангахгүй байгаа нь, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үнэн дүр төрхийг илчилж байна.
Өвчтөний шинжилгээний хариу үнэн, зөв, бодитой гарах ёстой. Энэ хууль дүрэм эрүүл мэндийн салбарт ягштал мөрдөгдөх ёстой. Учир нь үүний цаана хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдрал, амь нас яригддаг. Гэтэл энэ шалгалтад тэнцээгүй лабораториуд ийм төрлийн шинжилгээ хийдгээ өдөр, шөнөгүй рекламддаг. Телевизээр реклам явуулах хэр баргийн эмнэлгийн байгууллагад хүндрэлтэй.
Зарим нь бүр одоо ч гэсэн “Эрүүл мэндийн даатгалаас лабораториудтай хийсэн гэрээгээ цуцалсан. Иймээс төлбөрөө төлж, шинжилгээ хийлгэ” хэмээн иргэдийг залилж байна. Энэ 13 лабораторитой адил үйл ажиллагаа явуулдаг лабораторийн эмч “Бидний орлого хийсэн шинжилгээндээ таардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд их хэмжээний зээл авсан болохоор тэрнээсээ хэтэрдэггүй. Тиймээс бид сурталчилгаанд хөрөнгө гаргаж чаддаггүй. Реклам явуулснаар тэд ашиг олдог. Гэхдээ иргэд хохироод үлддэг” гэсэн юм.
Шаардлага хангаагүй лабораториуд олон улсад хүлээн зөвшөөрдөггүй аппарат ашиглаж, 10 мянган төгрөг ч хүрэхгүй оношлуураар шинжилгээ хийж, даатгалаас 120 мянган төгрөг авахын төлөө эмчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн нь энэ. Мөн зарим нь лабораторийн мэргэжилтэнгүй байсан гэдгийг бид өмнөх дугаартаа бичсэн. Уг нь энэ салбарт ажиллахын тулд хүний их эмчээр төгсөж, дараа нь 1.5 жил тусгай лабораторийн сургалтад сууж, жил бүр мэргэжил дээшлүүлэх ёстой.
ДЭМБ-аас дээрх 28 лабораторид хөндлөнгийн хяналт хийжээ. Тодруулбал, юу нь тодорхойгүй таван сорьцыг лабораториудад илгээсэн байна. Ингэхдээ лабораториудыг нөгөөгөөс нь ялгах, нэрийг нь нууцлахын тулд кодолжээ. Энэ хариугаа лабораториуд тодорхой хугацааны дотор буцааж илгээх ёстой. Гэтэл хариугаа илгээсэн лабораториудын 70 гаруй хувийнх нь хариу буруу байжээ. Бүр зарим лаборатори эрүүл хүний сорьцыг В, С вирустэй болгон тоолсон байв.
Шинжилгээний хариу зөрсөн нэг жишээг дурдая. Нэгэн эмэгтэй жирэмсний хяналтад орохын тулд В, С вирус тоолох зөвшөөрөлтэй хувийн лабораторид шинжилгээ өгчээ. Хариу нь 4.21 буюу С вирустэй гэж гарсан байна. Хэд хоногийн дараа өөр лабораторид шинжилгээ өгөхөд эрүүл гарчээ. Бүсгүй эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг байсан тул жил болгон урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг. Тухай бүрт эрүүл гэж гардаг байж. Ингээд эргэлзсэн бүсгүй ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд эхний хариутай таарч, вирустэй болох нь тогтоогджээ. Энэ бол нэг л жишээ. Үүний цаана мянга мянган хүн вирусээ тоолуулж, гарсан хариу нь худлаа байх магадлалтай байгаа юм.
Лабораторид хийж байгаа шинжилгээний хариу үнэн, зөв эсэхийг энгийн хүн хараад мэдэх боломжгүй. Иймээс үүнд мэргэжлийн байгууллага хяналт тавих ёстой. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байхад энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй цорын ганц газар нь гэнэ. Гэтэл нөхцөл байдал ийм хэмжээнд хүрчихээд байхад тэд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ. Энэ бол тэд ажлаа хийхгүй байгаагийн илрэл. Хэрэв тэд ажлаа хийж байсан бол эдгээр лабораториуд үйл ажиллагаа явуулж, иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироохгүй байх байлаа. Лабораториудын хариуцлагагүй байдлаас болж, хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ.
Э.Эрдэнэцэцэг