Цогтцэций сумын төв болон Цагаан-Овоо багийн иргэдээс авсан судалгаагаар 80 орчим хувь нь тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэж үзсэн байна. Учир нь Тавантолгойн бүлэг уурхай нь Цогтцэций сумын төвөөс маш ойр зайд оршдог, говийн бүс нь салхи шуурга ихтэй байдаг учраас олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол эх үүсвэр болж байна.
Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас их хэмжээний тоосжилт үүсдэг. Хатуу хучилттай зам багатай, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөн их, олон машин хурдтай давхих зэрэг шалтгаанаар сумын төв орчмын тоосжилт сүүлийн жилүүдэд ихэссэн.
Нүүрс тээвэрт олон хоногоор ажиллах, ажлын нөхцөл, ачааллаас сэтгэлзүйн хямралд орох, архи хэтрүүлэн хэрэглэх, амрах хугацаандаа архи уудаг зэрэг шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал нэмэгдэх эрсдэл байна.
Нүүрс тээврийн зам дагуух олон гэр, хоолны газар, засвар үйлчилгээний газрууд, тэдгээрийн зохион байгуулалт, төлөвлөлтгүй орчинд хог хаягдал хуралдаж, орчныг бохирдуулж байна. Гашуун сухайтын авто замын эхлэлээс 4 болон 6 дахь км-т төлөвлөлт, зохион байгуулалтгүй худалдаа, үйлчилгээний цэг үүсч, олон тооны гэр, зөөврийн байшин замбараагүй бөөгнөрсөн байдалтай байна.
Нүүрсний тээврийн жолооч нар амрах, дэлгүүрээр үйлчлүүлэх, хоол унд идэх, машин техникээ засаж сэлбэх үндсэн цэг болсон ч зориулалтын машин зогсоол, тог цахилгаан, усан хангамж, стандартын бие засах газар зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын нөхцөл бүрдээгүй байна.
Хатуу хучилттай зам багатай, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөн их, олон машин хурдтай давхих зэрэг шалтгаанаар сумын төв орчмын тоосжилт сүүлийн жилүүдэд ихэссэн
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон орон нутгийн удирдах байгууллага, уул уурхайн компани, нүүрс худалдан авагч компани, тээврийн аж ахуйн нэгж болон хувь жолооч нарын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна.
Дээрх асуудлыг танилцуулах, нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад анхаарал хандуулахыг уриалж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэргүүй дэд захирал С.Эрдэнэбулган, "Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нарыг хүлээн авч уулзжээ. Мөн энэ асуудлаар ХЭҮК-ын дарга 2018 оны 10 дугаар сарын 19-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Баярсайхантай, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой мөн сарын 22-нд тус тус албан уулзалт хийгээд байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд тулгуурлан Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдал, жолооч нарын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах зэрэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.