Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр “PETA Asia” сошиал хуудсанд дуучин К.Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийлсэн видеог монгол хэл дээр хөрвүүлэн түгээсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сард PETA зүгээс дээрх бичлэгийг цацсан байдаг бөгөөд гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээлэл цацаж, монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал болсон хэмээн "Хан богд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг дараах тайлбарыг өгсөн юм.
Энэ бичлэг өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан. Энэ бол олон давтамжтайгаар дэлхий нийтэд цацагдаж байгаа. Уг асуудлаас болоод манай Англи, Итали, Герман харилцагч компаниуд гомдол тавиад “Та нар малаа яаж самнадаг юм бэ. Ямар учраас ийм бичлэг яваад байгаа юм бэ” хэмээн Монголд ирж малчны хотхонд очиж ямаа самнахыг хараад танай улс үнэхээр тамладаггүй юм байна гэдгийг мэдсэн. Ноолуур нь ургаад халуу шатсан үед уламжлалт аргаар самнаж авдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Малчдын хувьд хүүхдээсээ илүү малаа хайрлаж, таван хошуу малынхаа үржил шимээр амьдардаг. К.Номинжингийн бичлэгийн хувьд зориуд хятадуудтай хамтран санаатайгаар ингэж хийсэн байна лээ. Цагаан ямааны хувьд монгол ямаа биш. Цус, нөжийг нь гоожуулаад хоолойг нь огтолж байгаа бичлэгийг албаар эвлүүлсэн бичлэг байсан. Малчид маань бол малаа ингэж тамлан зовоодоггүй.
“Хан богд” ХХК-тай харилцагч байгууллагууд ямаа самнахдаа Монголчууд тамлан зовоодоггүйг мэдсэн ч үйлчлүүлэгч нарын хувьд буруу ойлголттой байгаа. Германд бол “цуст ноолуур” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан. Үүнээс болоод харилцагч байгууллагууд болон худалдан борлуулдаг дэлгүүрээс гомдол ирсэн.
Дэлгүүрт орж ирсэн худалдан авагч нарын зүгээс “Цуст ноолуур” өмсөх шаардлага байгаа юм уу хэмээн шидэх зэргээр үйлдэл гарах болсон гэсэн.
Иймээс та бүхэн залруулга мэдээлэл гаргаач гэх хүсэлт ирсэн. Танай улс улсын хэмжээний жижигхэн залруулсан бичлэг явуулаач хэмээн шаардлага тавьж байгаа. Жижигхэн боловч Монгол Улсынхаа нэр хүндийг, малчид, үйлдвэрийн ажилчдыг гутааж байна.
Монгол Улсын иргэн гадаадын нэг байгууллагын зохиомол бичлэгт оролцсон нь үнэхээр харамсалтай. Яагаад ингэх болов, хэдхэн төгрөгийн төлөө эх орноо гутааж байгаа явдалд харамсаж байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олон улсад залруулга гаргах ёстой.
Түүнчлэн дуучин К.Номинжин өөрөө албан ёсоор залруулга хийх. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага хүртэл шалгах ёстой гэж үзэж байна.
Монголын ноолуур дэлхийн зах зээлд эко гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөх болсон энэ үед хятадын зүгээс санаатайгаар зохион байгуулалттай бичлэг хийж олонд түгээсэн байх хардлага байна. Европын харилцагч нар сэтгэл дундуур байгаа тул худалдан авалт буурах тохиолдол байгаа.
“Говь” ХК-ийн Гадаад худалдааны менежер Г.Анундарь: Манай компанийн зүгээс PETA-гийн эсрэг албан ёсоор тайлбар хийнэ. Энэ нь ямаа самнах үеэр хэрхэн самнадаг талаар бичлэг хийн дэлхий нийтэд харуулна. Харилцагч компаниудын хувьд 100 хувь ноолуураар бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж авдаг. PETA мэдэгдэлтэй холбоотойгоор харилцагч нарын зүгээс хандсан зүйл одоогоор байхгүй байгаа.
“Эвсэг кашмер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бат: Энэ асуудалд санаа зовохгүй байгаа. Канадын goose гээд брэндийн куртикийг галууны өд, сөдөөр хийдэг. Галууны өд, сөдийг авахын тулд галууг алдаг байгаа. Харин монгол ямаа бол өөр. Монголоос нэр бүхий хүмүүс Монголын соёл, уламжлалыг мэдэхгүйгээсээ болоод буруу ташаа зүйл автаад дуу нэмсэн байна лээ. Гэхдээ энэ бол түр зуурын асуудал байх гэж бодож байгаа. Тэрнээс бол мэргэжлийн том байгууллагууд бол нүүдлийн соёл ахуйгаас Монголын ноолуур гардаг гэдгийг мэдэж байгаа.