The New York Times сонин 2020 онд заавал аялах ёстой 52 газрыг дэлхийн аялагч, жуулчдад санал болгожээ. Эдгээр газрууд дунд хүн ам цөөтэй ч ойрын жилүүдэд дэд бүтэц, аялал жуулчлал хөгжиж буй Монгол улсыг багтаасан байна.
2000 онд манай оронд 150,000 жуулчин ирсэн бол өнгөрсөн жил 530,000 гаруй жуулчин иржээ. Улаанбаатар хот шинэ олон улсын нисэх буудлаа энэ оны тавдугаар сард нээхээр төлөвлөж байгаа гэдгийг NYT онцолж Азийн ихэнх улс орон руу шууд нислэгтэй болно гэжээ.
Одоогоор Монгол улсад 400 гаруй аялал жуулчлалын компани, 300 орчим зочид буудал, 600 орчим амралтын бааз үйл ажиллагаа явуулж байна. Монголын аялал жуулчлалын компаниуд “Монгол бол байгалийн нүүдэлчид” хэмээн уриалж, нүүдэлчин соёлоо таниулахыг эрмэлздэг хэмээн дурджээ. Морь унах, тэмээгээр аялах, сарлагийн баяр, ууланд авирах зэрэг адал явдлаар дүүрэн бөгөөд аяллын компаниудын ихэнх нь өөрсдийн гэсэн амралт, зугаалгын баазтай гэжээ.
Мөн Монголыг зорих жуулчдад хандан жил бүрийн долдугаар сарын дундуур болдог наадмыг онцлон, соёлын өвийг таниулах чухал баяр наадам болохыг тодотгосон байна.
Эх сурвалж: AkiPress