Өнөөдөр/2020.01.19/-ийн байдлаар Монгол банкнаас зарласан ханшийн мэдээгээр америк долларын ханш 2746 төгрөгт хүрчээ. Оны өмнө буюу манай улс ФАТФ байгууллагаас зарласан "Саарал жагсаалт"-д орохоос өмнө доллар 2679 төгрөгтэй тэнцэж байв. Тухайн үед Сангийн сайд болон, Монгол банкны ерөнхийлөгчид ""Саарал жагсаалт" эдийн засагт нөлөөлөхгүй" хэмээн онцолж байсан билээ. Гэвч тэр үеэс хойш долларын ханш 100 орчим төгрөгөөр нэмэгджээ. Түүнээс хойш иргэдийн валютын гүйлгээ 70-80 хувиар буурсан гэх мэдээлэл ч гарч байна.
Харин өнөөдрөөс 10 жилийн өмнө долларын ханш 1454 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өнөөдрийн ханшнаас 1292 төгрөгөөр бага байсан хэрэг юм.
Тун удахгүй долларын ханш 3000 төгрөгт хүрнэ гэсэн таамгийг зарим судлаач, эдийн засагчид дэвшүүлж байна. Гэвч өдөр, өдөрт өсч байгаа валютын ханшийг тогтоохын тулд төр засаг ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна.
Хамгийн гол нь долларын ханшийн энэ өсөлт бусад валют нэн ялангуяа юанийн өсөлтөд нөлөөлж байна гэж иргэд болон валют арилжааныхан үзэж байгаа юм. Энэ өсөлт жирийн иргэд, бизнес эрхлэгчдэд хүндхэн тусч байгаа ч ямар ч зохицуулалтгүй хэр удах нь тодорхойгүй л байна.