ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүхэд хар тамхины хэргээр шүүгчдэж буй дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хуралд Прага хот дахь Германы элчин сайдын яамны ажилтан ирж гэрчийн мэдүүлэг өгчээ.
Тэрбээр “Прага хот дахь манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагын албан тушаалтан ирж надтай уулзаж ярилцсан. Тэр хүн Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нартай холбоотой асуудлаар ХБНГУ-ын эрх баригчидтай холбоо тогтоохыг хүсэж буйгаа тус уулзалтын үеэр илэрхийлсэн. Монголын цагдаагийн албан тушаалтны хэлснээр Монголын тал гэмт хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудынхаа үйлдлийг ил болгохоор ажиллаж байгаа гэсэн” хэмээн мэдүүлжээ.
Б.Баттүшигийн шүүх хуралд Монголын Засгийн газар онцгой анхаарал хандуулж эхэлсэн нь дараах шалтгаантай юм. Учир нь долоо хоногийн өмнө ХБНГУ-ын tag24.de сайтад гарсан мэдээнд “Германы тусгай ажилтнууд дипломатч Б.Баттүшигийн эвдэрч гэмтсэн IPHONE XS маркийн утасны түгжээг тайлж чадсан. Ингэснээр тус утсанд хадгалагдаж байгаа нууц мэдээллүүдийг тайлж унших боломжтой боллоо. Тус утсанд Б.Баттүшиг нарын гэмт хэргийг нотлох олон баримт байгаа байх” гэсэн байсан нь Монголын Засгийн газрыг хүнд байдалд оруулсан байж болзошгүй байна.
Хар тамхины хэргээр шүүгчдэж буй Б.Баттүшигийн утсанд олон мянган хуудас мэдээлэл байгаа бөгөөд түүнийг орчуулах ажил яг одоо эрчимтэй явагдаж байна хэмээн Германы хэвлэлүүд мэдээлж байна.