УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдрийн УИХ-ын чуулган дээр нэлээд бухимдлаа.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцэхдээ Монгол улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан ФАТФ байгууллагаас шаардаад байсан маш чухал заалтыг дэмжилгүй унагасан гэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 18.3 буюу татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг хүндрүүлэхээр заасан хоёр заалт маань уначихлаа. ФАТФ-аас бидэнд "Саарал жагсаалтаас гарахын тулд Эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруул. Хариуцлага тооцох заалт оруул" гэсэн. Их хэмжээний татвараас зайлсхийж байгаа аж ахуйн нэгжид хариуцлага тооцох заалт уначихлаа. Бизнес хийж байсан, одоо энэ чуулганд сууж байгаа гишүүд төрийн түшээ гэдгээр асуудалд хандсангүй. Компанийн захирал гэдгээр асуудалд хандлаа.
Энэ бол татвар хожимдуулах тухай ойлголт биш шүү. 3 тэрбумын орлого олчихоод, улсад нэг ч төгрөг төлөхгүйгээ хууль ёсны үйл ажиллагаа гэж үзлээ. Далд эдийн засгийг дэмжиж байгаагаа харууллаа. Ер нь нэг мөр татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүст ял өгөхгүй гэдгээ зарлах хэрэгтэй.