УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж хоёр цаг орчим "дуншлаа". Хуралд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүрэлцэн ирсэн юм. Тус дэд хороонд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар багтдаг юм.
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн, тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар томилолттой байгаа юм байна. Бусад гурван гишүүн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх эсэхээ шийдэх байсан юм. Мөн уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах төлөвлөгөөтэй байсан.
Гэвч, ирц хүрээгүй гэдгээр хурал ирэх долоо хоногт болж хойшиллоо. Бусад гурвын хувьд гадаадад томилолттой байгаа хоёр гишүүнээ ирэхээр хуралдъя, хуулинд "санал нэгтэйгээр дүгнэлт гарна" гэсэн заалттай байдаг гэдэг дээр санал нэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг 12 сарын 12-нд хийсэн хэвлэлийн хурлаараа мөрдөн байцаалтын нууц задалсан гэдгээр буруутган ЕПГ-аас албан бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл байна.
УЕП Б.Жаргалсайхан:
-Би саналаа өгсөн. Хэрхэн шийдэх нь дэд хороо, УИХ-ын эрх. Н.Номтойбаяртай холбоотой зодооны бичлэг өнөөдөр цацагдсан. Прокурорын нууцтай холбоотой бичлэг задарсан учир өнөөдрөөс хяналт шалгалт хийнэ. Шалгагдаж байгаа бичлэг яагаад задрав гэдгийг тогтооно.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, шийдвэр гаргана. УЕП-ын саналыг 48 цагийн дотор /ажлын хоёр өдөр/ шалгах ёстой боловч, хоёр гишүүн байхгүй байгаа шалтгаанаар хойшиллоо. УЕП Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёрыг гадаадад томилолтоор явсан гэдгийг мэдээгүй юм билээ. Н.Номтойбаяр хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн шаардлага тавьсан гэдгийн тухайд УЕП-ын бичиг дээр "нууц" гэсэн дардастай учир хурлыг хаалттай явуулна. Нээлттэй явуулах боломжгүй.