Оюуны хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ төлөө өдөрт аяга соустай будаагаар гол зогоож байгаад таалал төгссөн оюутан бүсгүй У Хуаяны түүх Хятадын цахим хэрэглэгчдийн сэтгэлийг эмзэглүүлсээр байна. 24 настай хэдий ч ердөө 135 см өндөр, 21 кг жинтэй бүсгүй өнгөрсөн оны 10 дугаар сард хүнс тэжээлийн дутагдал, зүрхний хавхлагийн гэмтлээр эмнэлэгт хэвтэж, хэвлэлийнхний анхааралд өртсөн юм.
Түүний хагалгаанд 200,000 юань шаардлагатай хэмээн улс орон даяар хандивын аян өрнүүлж, үүнээс хэд дахин их мөнгө цугласан ч бүсгүй амьсгалын эцсийн мөч хүртэл ийм их хэмжээний хандив цугласан гэдгийг мэдээгүй хэмээн эх сурвалжууд бичиж байна. У Хуаянд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар 144,000 ам.доллар буюу сая юань цугласан байсан ч энэ мөнгөний өчүүхэн бага хэсэг түүнд хүрсэн гэжээ. Эмнэлгийн төлбөрийн баримтыг шалгахад ердөө 20,000 юаний төлбөр төлсөн болохыг албаныхан илрүүлсэн байна. Үүнээс харахад Хуаяны амь насыг аварч, хагалгаа хийлгэх ёстой байсан сая юань эзэндээ хүрээгүй нь тодорхой гэж цахим хэрэглэгчид уурлан бухимдаж байгаа юм.
Тиймээс чухам ямар алдаанаас болж, юу буруу байснаас Хуаянд тусламж хүрээгүй талаар олон асуулт урган гарч иржээ.
У Хуаян болон түүний хөгжлийн бэрхшээлтэй дүүд туслах хандивын мөнгийг Charity 9958 төслийн хүрээнд Хятадын хүүхдүүдийн төлөө хандив тусламжийн сангаас хоёр өөр платформоор зохион байгуулсан байна. Аяны гол зорилго зүрхний хагалгааны мөнгийг олох байв. Хандивын мөнгө хэдий нь хагалгааны зардлаас тав дахин их цугласан ч бүсгүй энэ талаар огт мэдээгүй төдийгүй хагалгаанд ч орж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэвч зарим албаны эх сурвалжууд түүнийг хагалгаанд ороход хангалттай жингүй байсан, амьсгал хураахдаа 30 кг-аас бага жинтэй байсан тул хагалгаа хийх боломжгүй байсан гэх тайлбарыг нийтэлжээ.
9958 хандивын төсөл бол бүсгүйн үхлээр луйвар хийж, зүй бус үйлдэл гаргасан гэж буруутгаж байгаа хүмүүс олон байна. Тус байгууллагад ажиллаж байсан тэмцэгч Жен Хэхон өвчтөнийг нас барах хүртэл аяныг зохион байгуулагчид хүлээж байсан, хэрэв өвчтөн хандив тусламжаа авч чадаагүй бол цугласан мөнгийг нь ажилтнуудад урамшуулал болгон өгдөг тухай Ifeng.com-д ярьжээ.
Асуудлыг илүү өргөн хүрээтэйгээр харвал ойрын жилүүдэд Хятадын хандивын байгууллага, аян, санаачилгууд сайхан сэтгэлтэй хүмүүсийн хувь нэмрийг хүрэх ёстой эздэд нь хүргэлгүй замаас нь шамшигдуулсан хэд хэдэн томоохон хэрэг гараад байгаа гэж сэтгүүлч Дэвид Паулк Твиттертээ бичсэн байна.
Эх сурвалж: The BBC