Улс төрийн болоод бусад зорилгоор хуурамч мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэх, хувь хүн, албан байгууллагын нэр хүндэд халдах, гүтгэх үзэгдэл өнгөрсөн зуунаас эхтэй ч өдгөө технологийн дэвшил, олон нийтийн сүлжээний хөгжлийг даган орчин цагийн тулгамдсан асуудлуудын нэг болон томорч байна. Олон сая хүнд нэгэн зэрэг, хурдан мэдээллийг түгээх хэрэгслүүд бий болсноор хуурамч мэдээллийг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь ихсэж буй тул иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, хуурамч мэдээллээс сэрэмжлүүлэх, бусдыг үндэслэлгүйгээр гүтгэн, нэр хүндэд нь халдаж буй хувь хүн, байгууллагад хуулийн хариуцлага тооцох зэргээр улс орнууд тэмцэж байна.
ОХУ
Олон нийтийн сүлжээнд худал, хуурамч мэдээлэл тараахтай тэмцэх тухай хуулийг ОХУ өнгөрсөн онд хэлэлцэж баталсан билээ. Олон нийтийн сүлжээнд худал, хуурамч мэдээлэл тарааж хувь хүн, албан байгууллагын нэр хүнд, эрх чөлөөнд халдаж, гүтгэсэн тохиолдолд захиргааны хариуцлага буюу тодорхой хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээг авч буй. Ингэхдээ олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл тараасан хувь хүнд 30-100 мянган, албан тушаалтан 300-600 мянган рубль, хуулийн этгээдэд 500 мянгаас нэг сая хүртэлх рублийн торгууль ногдуулахыг хуульчлан заасан юм.
ХБНГУ
Худал мэдээлэлтэй хуулийн хүрээнд тэмцсэн анхны улсуудын нэг нь ХБНГУ. “Facebook”, “Twitter”, “YouTube” зэрэг олон нийтийн сүлжээгээр илт худал мэдээлэл тараасан гэсэн гомдол, өргөдлийг хүлээн авч, 24 цагийн дотор дээрх мэдээллийг түгээсэн хэрэглэгч, хуудсыг блоклох, үгүй бол 50 хүртэлх сая еврогийн торгууль ногдуулах арга хэмжээ авах санаачилгыг 2017 оноос гаргасан юм. “Net Enforcement Act” нэртэй хуулийг батлахдаа хэрэв мэдээлэл маргаантай, өөрөөр хэлбэл үнэн, худлыг шалгахад хугацаа шаардлагатай бол үүнийг нягтлахад долоо хоногийн хугацаа өгөхөөр хуульчлан заасан. Хууль зүйн сайд Хайко Маас “Сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг гудамжинд гарч буй хэрэгтэй адил хуулийн хүрээнд шийдвэрлэх, арга хэмжээ авах ёстой ” гэж мэдэгдэж байв.
Малайз
Хуурамч мэдээлэл тараахыг хориглосон хатуу хууль баталсан орнуудын нэг бол Малайз. Худал мэдээлэл тараах, түүнийг нь дахин цааш дамжуулсан тохиолдолд зургаа хүртэлх жилийн хорих ял оноох энэ хуульд зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний нийтлэл, бичвэр ч бус, мөн аудио болон видео хэлбэрээр худал мэдээлэл тараах тохиолдлыг ч оруулан заасан юм. Хувь хүн болон хуулийн этгээд рүү чиглэсэн гүтгэлэг, ямар нэгэн байдлаар бодит байдалд нийцээгүй, худал, зөрүүтэй мэдээллийг түгээхийг ийн хориглож, хатуу шийтгэхээр хуульчилсан нь олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн зүгээс шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан юм.
Энэтхэг
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны хэрэгслийг зохицуулах ажлыг Энэтхэгт Мэдээлэл, телевиз радио нэвтрүүлгийн яам хариуцдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид тус улсад үйл ажиллагаа явуулах эрхийн үнэмлэхтэй байдаг агаад хуурамч мэдээлэл тарааж, бусдын эрх ашигт халдсан, хохирол учруулсан тохиолдолд энэхүү эрхийг тодорхой хугацаагаар хасах хуулийг санаачилсан, удахгүй хэрэгжиж эхэлнэ.
Филиппин
Худал мэдээлэлтэй тэмцэх асуудлыг Филиппинд мөн хуульчилжээ. 2017 оны зургадугаар сард баталсан хуулийн дагуу “Олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, үймээн, самуунд уриалсан, хувь хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд санаатайгаар халдаж, хохирол учруулсан” хуурамч мэдээлэл түгээсэн тохиолдолд 100 мянга хүртэлх ам.долларын торгууль ногдуулах, эсвэл тав хүртэлх жилийн хорих ял оноохоор хуульчилсан байна.
Франц
Одоогоос нэг жилийн өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хэвлэл, мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон нийтийн сүлжээ болон харилцаа холбооны бусад хэрэгслээр хуурамч мэдээлэл тараасан тохиолдлыг авч хэлэлцэх, шүүх заалтууд оруулахаа мэдэгдсэн юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр хакерын дайралт, олон нийтийн сүлжээн дэх гүтгэлэг, доромжлолын бай болж байснаа тэрбээр онцолж, ийм тохиолдолд арга хэмжээ авах зүйл ангийг Хэвлэл мэдээллийн тухай хуульд нэмж оруулахын зэрэгцээ хяналт тавих системийг сайжруулах нь чухал гэж онцолжээ.
Х.Инга