Морин хуурын татлага, уртын дууг сонсоод эргэлт буцалтгүй энэ бүхний өлгий нутаг руу явахаар шийдсэн, монголчууд бидний эчнээ танил бол Стив Морел билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Монголд ирээд яг хэдэн жил болж байна?
-Би Монголд ирээд 5.5 жил боллоо. Анх 2014 оны долдугаар сарын 11-нд ирсэн. Тэгээд сар гаруй Монгол орноор аялаад, наймдугаар сарын дундуур Франц руу яваад, есдүгээр сарын 5-нд буцаж ирээд түүнээс хойш энд амьдарч байна.
-Амьдрах хугацаандаа Монголын газар нутгаар хэр их аялсан бэ?
-Энд амьдрах хугацаандаа 13-15 аймгаар аялсан. Ингэхдээ аялах зорилгоор, заримдаа судалгааны чиглэлээр хүмүүстэй уулзахаар аймгуудыг зорьж байсан. Түүнчлэн Увсын Тэс суманд хоёр орчим сар амьдарсан юм. Тус суманд амьдрах үнэхээр сонирхолтой байсан. Гэхдээ тухайн үед монгол хэл маань тийм ч сайн байгаагүй учраас иргэдтэй ойлголцоход жаахан хүндрэлтэй байлаа.
-Аялсан газруудаас тань хамгийн сайхан байгальтай нь ямар аймаг байсан бэ?
-Энэ асуултад хариулахад хэцүү байна. Монгол орны бүх газар өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц. Сүүлд “Тэнгэрээс буусан од” киноны зураг авалтын үеэр Увсын Хяргас нуур явсан. Хяргас нуур үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай. Гэхдээ хамгийн их таалагдсан газар гэж хэлж чадахгүй. Учир нь, Увсын Тэс, Ховдын Эрдэнэбүрэн, Сүхбаатарын сайхан тал нутаг гээд олон өвөрмөц, онцлогтой үзэсгэлэнтэй газар байгаа учраас үнэхээр хариулахад хэцүү байна. Энэ улс их сонирхолтой, яг л ид шидтэй юм шиг.
-Монгол хэлийг үнэхээр сайн сурчээ. Гадаад хүмүүс монгол хэлийг сурахад хамгийн хэцүү хэл гэдэг. Та яаж ингэж сайн сурав?
-“Намасте”-гийн захирал Кумар, “Вагнер Ази”-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон нар монголоор сайн ярихаас гадна үгийн сан нь үнэхээр баялаг. Олонд танигдаагүй ч монгол хэлийг сайн сурсан олон гадаад хүн бий. Тоглолт, арга хэмжээний үеэр гадаад хүнтэй тааралдаад монголоор ямар сайн ярьдаг юм бэ гэх бодол олон төрж байсан. Харин миний монгол хэл сайн биш, дундаж. Би хэдийгээр Монголд таван жил гаруй амьдарч байгаа ч монгол хэл сурч эхлээд гурван жил болж байна. Монголд ирсэн миний гол зорилго морин хуур байсан.
Тиймээс миний хувьд хэл тийм ч чухал байгаагүй. Үүнээс гадна Монголд амьдрах уу эсвэл хоёр, гурван жил амьдраад буцах уу гэдэг маань ч тодорхойгүй байсан юм. Харин хоёр орчим жил Монголд амьдарсны дараа энд амьдрахаар шийдэж, “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэдэг шиг монгол хэл зайлшгүй, сайн сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Түүнчлэн “Би Монголд хайртай” гэдэг нэртэй MNC-гийн нэвтрүүлэгт оролцож байсан юм. Тухайн үед “Анхны гүүр” гээд монгол хэлний сургалтын төвийнхөн зочноор мөн оролцсон. Тус төвд сургалтад хамрагдсан гадаад хүмүүс монголоор сайн ярьж байсан учраас энэ төвд сурахаар шийдсэн. Энэ сургалтын төвд жил гаруй хугацаанд сураад миний монгол хэлний түвшин эрс сайжирсан.
-Уртын дуу, магтаал, шүлгийг франц, англи хэл рүү орчуулж, Монгол бичиг рүү хөрвүүлж байгаа гэсэн. Энэ ажил тань хэр амжилттай байна?
- Маш олон гадаад хүн надаас Монголын соёлын талаар мэдээлэл авахын тулд холбогддог. Тэд морин хуур, хөөмий, уртын дууны талаар ихэд сонирхдог. Гадаад хүний олонх нь энэ юуны талаар өгүүлж байгаа юм бэ гэдгийг асуудаг. Гадаад хүмүүст зориулж орчуулахаас гадна би морин хуурыг илүү сайн сурахын тулд өөрөө судалж, ойлгох хэрэгтэй. Тиймээс л би ном бичихээр шийдсэн юм.
Крилл бичгээр номоо бичиж, Монгол бичиг рүү хөрвүүлж, англи, франц хэл рүү орчуулж байгаа учраас хүн бүр уншаад мэдээлэл авах боломжтой. Монгол уртын дуу, магтаал, шүлэг орчуулна гэдэг маш хэцүү. Бараг л боломжгүй. Гэхдээ би гадаад хүмүүст ерөнхий санаа өгмөөр байна. Мэдээж, монгол хэл сурч, Монголын ахуйг судалсны дараа л уртын дуу, магтаал, шүлгийг сайн ойлгох боломжтой ч хүмүүст ерөнхийдөө энэ уртын дуу ийм утгатай гэсэн ерөнхий ойлголт хэрэгтэй байна.
Гадаад хүн бүр Монголд амьдарч, монгол хэл сурч, энэ улсын ахуйг судлах боломжгүй шүү дээ. Номонд 35 орчим уртын дуу, магтаал, шүлэг багтсан. Англи хэл рүү орчуулаад дууссан, франц хэл рүү орчуулах явц 70 орчим хувьтай байна. Номоо криллээр бичээд дууссан. Гэхдээ хянах, засах зүйл бас бий. Түүнчлэн Монгол бичгээр бичиж дуусаад, хянуулаад дахиад бийрээр бичихээр төлөвлөж байгаа.
Учир нь, Монгол бичиг амьд байх хэрэгтэй. Түүнчлэн уртын дууг судалж байхад монголчууд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг буюу “antiracism” үзэлтэн, маш гэгээлэг, өөдрөг бодолтой, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, амьдралын талаар агуу ойлголттой хүмүүс гэдгийг ойлгосон. Гүн утга илэрхийлээгүй уртын дуу гэж байхгүй. Аливаа зүйлийг адилтган зүйрлүүлж хэлдэг. Үгийн уран шид гэдэг гайхамшигтай. Ахин дахин сонсох тусмаа цаанаа гүн гүнзгий учир утгатай байдаг.
Уртын дууг судалж байхад монголчууд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг буюу “antiracism” үзэлтэн, маш гэгээлэг, өөдрөг бодолтой, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, амьдралын талаар маш агуу ойлголттой хүмүүс гэдгийг ойлгосон
-Монгол бичгийг хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Дөрвөн жилийн өмнө Хэл иргэншлийн дээд сургуульд суралцаж эхэлсэн үеэс Монгол бичиг судалсан. Гэхдээ тогтмол Монгол бичгээ үзэхгүй байгаа. Нэг хэсэг морин хуур, хэсэг хугацааны дараа уртын дуу, Монгол зураг, Монгол бичиг гэх мэтээр бүгдийг шат шатаар арай чөлөөтэй судалж байгаа юм. Нэг зүйлийн талаар хэтэрхий судлаад бусдынх нь талаар огт мэдэхгүй бол жаахан онцгүй. Монгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй гэж бодож байна.
-“Тэнгэрээс буусан од” кинонд тоглосон. Анх кинонд тоглох саналыг МУГЖ У.Уранчимэг тавьсан гэсэн. Тухайн үед саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
- Кинонд тоглох санал тавихад би бараг л итгээгүй. Надтай уулзаад “Жилийн дараа чи Монголд байх уу” гэж асуусан. Харин би “Бараг л байна” гэж хэлсэн. Гэтэл Урнаа эгч “За за тэгвэл жилийн дараа уулзья” гэв. Кино багийнхан надтай анх уулзахдаа кино зохиолын талаар яриагүй, ерөнхийдөө Стив ямар хүн бэ, хэлний түвшин нь хэр байна гэдгийг л мэдэхийг хүсэж байсан.
Түүнчлэн албан ёсоор тохирч, гэрээ байгуулаагүй учраас уулзалтын талаар би бараг л мартчихсан. Харин яг жилийн дараа надтай холбогдоод киноны зураг авалт удахгүй эхэлнэ гэж хэлсэн. Тэр үед л би “Үнэн байжээ” гэж бодсон. Ерөнхийдөө иймэрхүү л юм болсон доо. Амьдрал дээр би камерын эсрэг тал буюу зураглаач хийж байснаас бус яг кинонд тоглож байгаагүй. Тиймээс надад сонирхолтой байсан.
-Кинонд дүр бүтээх санал дахиад ирвэл тоглох уу?
- Хамгийн гол нь юуны тухай кино вэ гэдэг чухал. Түүх, соёлын тухай кино бол тоглоход татгалзахгүй. “Тэнгэрээс буусан од” киног анх үзэхэд тийм ч гүнзгий утга санаа агуулаагүй мэт. Гэхдээ 2-3 удаа үзвэл гүн ухааны шинжтэй олон зүйлийг өөртөө багтаасан гэдгийг ойлгоно. Нөгөө талаас кинонд тоглосноор миний хийж байсан судалгаа, сургалтын төвийн ажил нэг жил орчим орхигдсон. Тиймээс дахиад кинонд тоглох санал ирвэл хэр хугацаа зарцуулах вэ гэдэг талаар бодож үзнэ.
-“Уугуул төв”-өөрөө дамжуулан морин хуураас өөр юу заадаг вэ?
-Сургалтын төвийн гол зорилго морин хуур заах болон уугуул соёлыг түгээх. Ингэхдээ язгуур хэлбэрээр заахыг илүүд үздэг. Орчин үед морин хуурыг заахдаа нот ашиглан Европын хэв маягаар заадаг. Монголчууд морин хуур, уртын дууг байгалиас мэдэрч буй мэдрэмжээ ашиглан тоглож, дуулдаг байсан. Тиймээс тэмээ, үхэр, ус, салхины тухай хуурын татлага гэж бий. Түүнчлэн тэмээний буйлаан, шувууны жиргээ, салхины чимээг морин хуураар илэрхийлж болно. Энэ бүх чимээг илэрхийлэхэд нот хэрэггүй. Зөвхөн мэдрэх хэрэгтэй.
Үүнээс гадна хүмүүс уртын дууг морин хуураар тоглож байгаа хэрнээ заримдаа дууныхаа утгыг сайн мэдэхгүй байх тохиолдол байна. Энэ үнэхээр харамсалтай. Гадаад хүмүүс морин хуур сурахыг хүсдэг ч төдийлөн хангалттай мэдээлэл байдаггүй. Тэр тусмаа язгуур хэв маягаар яаж морин хуур сурах талаар бараг л мэдээлэл алга. Тиймээс энэ талаар мэдээлэл түгээх хэрэгтэй. Сүүлийн үед морин хуурны 80 орчим хувь нь модон цартай, ширэн цартай морин хуур ховор болсон. Гэхдээ буцаад бага багаар сэргэж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Нөгөө талаас морин хуур зааж байгаа арга барил нь морин хийл шиг болоод байна. Тиймээс язгуур хэв маяг алдагдахад хүрээд байгаа юм. Мэдээж, хөдөө орон нутагт нот харалгүйгээр морин хуураа өөрийн мэдрэмжээрээ тоглодог язгуур хэв маяг өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Гэхдээ тийм ч түгээмэл бус. Тиймээс язгуур хэв маяг болон нот ашиглан тоглох ядаж 50:50 хувь байгаасай гэж хүсэж байна.
-Танай сургалтын төвд одоогоор хэчнээн гадаад хүн сурч байгаа вэ?
- Одоогоор энэтхэг, пуэрто рико гэсэн хоёр гадаад хүн сурч байна. Нэг герман хүн сурч байгаад саяхан нутаг руу гаа явсан. Харин интернэтээр сурч байгаа хүн олон бий. Интернэт буюу онлайнаар олон орны хүн морин хуур сурч байна. Тэдний дунд африк хүн ч бий. Заримдаа би энэ хүмүүс яаж морин хуурын талаар олж мэдсэн юм бол оо гэж гайхдаг шүү.
-Дэлхийг тойрч морин хуурын тоглолт хийх мөрөөдөлтэй гэсэн. Мөрөөдлөө хэзээ биелүүлэхээр төлөвлөж байна?
-Тэнгэр мэднэ. Мэдээж, мөрөөдлөө биелүүлмээр байна. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн өмнө хийж дуусгах хэд хэдэн ажил бий. Тухайлбал, номоо дуусгаад, дэлхийг тойрч аялахдаа номоо аваад явмаар байдаг. Гэтэл ном бичих, орчуулах үйл явц удаан үргэлжилж байна. Ном бичнэ, орчуулна гэдэг амаргүй. Зарим үед 12-13 удаа засах тохиолдол ч бий. Уртын дуу гэдэг маш том сэдэв.
Тиймээс хамаагүй өөрийн дураар бичиж болохгүй. Түүнчлэн би зүгээр нэг морин хуурын тоглолт хийхгүйгээр лекц, тоглолт хослуулахаар төлөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг цагийн тоглолт хийнэ гэж төлөвлөвөл 30 минут морин хуур тоглоод, 30 минут лекц унших жишээтэй. Тиймээс тоглосон аяа тайлбарлахын тулд би өөрөө сайн судлах хэрэгтэй. Нөгөө талаас санхүүгийн асуудал. Одоохондоо шууд дэлхийн улс орнуудаар аялаад тоглолт хийх боломж алга. Гэхдээ нэг нартай өдөр миний мөрөөдөл биелэх байх гэж найдаж байна. Продюссортой эсвэл намайг дэмжих менежертэй ч болж магадгүй юм.
- Монгол зураг таны бас нэгэн сонирхол уу?
-Монгол зураг маш сонирхолтой санагддаг. Миний зургийн багш 40 орчим жил зураг зурж буй хүн. Тэр үнэхээр гайхамшигтай. Монгол зураг монголчуудын уламжлал, үзэл бодолтой мэдээж холбоотой. Тиймээс бүтээл хийхийн тулд Монгол зураг, бичиг хослуулвал илүү сонирхолтой юм болов уу гэж бодож байна. Монгол бичиг, зураг хоёр үнэхээр сайхан хосолдог юм шиг санагддаг. Монгол зураг сонирхож эхлээд жил орчим болж байна. Магадгүй 30 жилийн дараа сайн зурдаг болох байх аа.
-Таны яг үндсэн мэргэжил юу юм бэ?
-Надад их сургуулийн диплом байхгүй. Тэгэхээр би мэргэжилгүй гэсэн үг. Гэхдээ бие дааж олон зүйл сурсан. Тухайлбал, гэрэл зураг, найруулагч, компьютер график, сэтгэл судал, дуу чимээ хүнд хэрхэн нөлөөлдөг талаар гэх мэт. Хоол хийх талаар хүртэл судалж байсан. Би цагаан хоолтон байсан учраас өөрөө хоолоо бэлтгэхийн тулд судалж, суралцаж байсан юм.
-Одоо цагаан хоолтон хэвээрээ юү?
-Үгүй ээ. Долоо хоногт 1-2 хоног мах иддэг бол заримдаа мах идэхгүйгээр хоёр долоо хоног, сар ч болдог. Миний бодлоор хамгийн зөв хооллолт бол мэдрэмжийн хооллолт. Жирэмсэн эмэгтэйчүүд гэнэт зарим нэгэн зүйлийг идмээр санагддаг. Энэ нь бие шаардлагатай зүйлээ нэхэж буйн илрэл. Гэнэт төмс идмээр санагдвал хүссэн хэмжээгээрээ иддэг. Өөрөөр хэлбэл, бие шаардлагатай эрдэс бодисоо төмснөөс авч байна гэсэн үг. Миний гол хэрэглэдэг бүтээгдэхүүн бол цагаан идээ. Өрөм, тараг, бяслаг, ааруул өдөр бүр иддэг.
-Монголд амьдраад нэлээд удсан учраас Монголын хоол хүнс, уур амьсгалд хэдийн дассан биз дээ?
-Францчуудын хувьд дотор мах тэр бүрчлэн хэрэглээд байдаггүй. Хааяа элэг, зүрх хүнсэндээ хэрэглэх тохиолдол бий. Харин монголчууд дотор махнаас юу ч хаялгүй хэрэглэдэг. Би нэг айлд очоод гүзээний салат идсэн. Үнэхээр гоё, сайхан амттай учраас зөндөө идсэн ч миний ходоод шингээж чадаагүй. Тиймээс дотор мах төдийлөн идээд байдаггүй.
-Таны ойрын зорилго төлөвлөгөө юу вэ?
-Нэгдүгээрт, энэ жил номоо заавал дуусгана. Хоёрдугаарт, морин хуурын нэвтрүүлэг бэлтгэж “Youtube”-д байршуулж, дэлхийд түгээмээр байна. Үүнээс гадна соёлын нэвтрүүлэг бэлтгэмээр байна. Нэвтрүүлэгтээ соёлын талаар сайн мэддэг, судалдаг судлаач уриад би сэтгүүлч шиг асуулт асууж, зочин маань ярих юм. Гуравдугаарт, сургалтын төв. Тогтмол 10-20 сурагчтай болж, зөвхөн морин хуур бус уртын дуу, биелгээ зааж болох юм. Гэхдээ энэ төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр урт хугацааны буюу амьдралын минь төлөвлөгөө байх болов уу.
Ц.Даваасамбуу