Дорноговь аймагт гар утас дэлбэрч, хүн гэмтсэн хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Тодруулбал, тус аймгийн Айраг сумын жоншны уурхайд ажиллаж байсан Дархан хотын иргэн 45 настай М-ийн гар утас дэлбэрсэн хэмээн эмнэлгийн байгууллагад ханджээ. Түүний энгэрийн халаасанд байсан “Самсунг гранд” маркийн гар утас дэлбэрэн, зүүн гар тасарч, цээж хэсэг нь хүнд гэмтжээ. Дорноговь аймгийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гар утас дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл анх 14.10 цагт ирсэн. Гэхдээ эцсийн байдлаар иргэн М юунаас болж бэртсэнийг тогтоогоогүй байна” гэлээ.
Харин Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Х.Эрдэнэбулган “Өвчтний зүүн талын гар бугуйн үеэр нь тайрсан. Мөн нарийн гэдсийг нэг метр хэртэй тайрах, залгах мэс засал хийлээ. Элэг нь язарсан байсан тул оёдол тавьсан. Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэгийг гаднын биет цоолсон байсан учраас биетийг авч, оёдол тавьсан. Тухайн хүний баруун хөлний дунд чөмөгний яс хугарч, гуя нь дотор талдаа маш том хэмжээний шархтай, зүүн талын дунд хуруу хугарч, хэвлий, цээж, толгой нь зулгарсан, урагдсан, шархтай байсан. Нэлээн хүнд хүн тул бид газар дээр нь хагалгаа хийж, хагалгаа гурван цаг гаруй үргэлжилсэн” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Хохирогч М-ийн гар утас дэлбэрснээс ийм хэмжээний бэртэл, гэмтэл гарсан гэдэгт бид эргэлзэж байна. Үйлдвэрлэлийн осол болсон байх магадлал өндөр байгаа” гэсэн юм.