Монгол орны хувьд зуны улиралд наадам үзэж байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж өндөр байдаг. Харин өвлийн улиралд жуулчид сонирхож болох олон томоохон арга хэмжээнүүд зохиогддог билээ. Эдгээр үйл ажиллагаа тус бүр нь өөрсдийн гэсэн тогтсон цогц сэдэв, үйл явдал, монголчуудын соёлын өвөрмөц онцлогийг хадгалсан байдаг. Ингээд та бүхэнд энэ өвөл болох мөсний баяруудыг хүргэе.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдны орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар /эскиз/ боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.
Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай 3 төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөж байна. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.
Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Хонгор нутгийн өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн "Түйн голын жавар-2020” өвлийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болоод удаж байна. Тэгвэл энэ жилийн өвлийн наадам Түйн голын мөсөн дээр ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд зохион байгуулагдахаар болжээ.
“Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг 2 жил тутамд Монгол Улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг болох Ховд аймагт зохион байгуулагддаг. Тус баярын үеэр Монголын уламжлалт тэмцээний нэг болох “Урианхай сурын харваа” зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Мөн тэмээн буухиа, цасны сумо зэрэг уралдаанаас гадна үндэстэн ястны онцлогийг түлхүү харуулсан олон уралдаан тэмцээн болно. Ховд аймгийн Буянт суманд ирэх гуравдугаар сарын 7, 8-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр болно хэмээн БОАЖЯ-наас зарласан бол тус аймгийн зүгээс Хар-Ус нуурын мөсний зузаанаас шалтгаалан зохион байгуулах өдрөө тогтоно гэлээ.
Архангай аймгийн ЗДТГ-аас Тамирын жавар мөсний баярын арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил тус аймгийн Эрдэнбулган суманд “Тамирын жавар” арга хэмжээ энэ сарын 18-нд болох юм. Уг мөсний баяраар үндэснийхээ хувцсаар гоёж ирсэн байгууллага, иргэдийн дунд кирлингийн ААШТ, сонирхогчдын мөсөн шагайн харваа, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулдаг ажээ.
Баян-Өлгий аймагт ирэх сарын 2-7-ны өдрүүдэд Толбо нууранд Алтайн Урианхайн мөсөн сур харваа тэмцээн болох юм. Энэхүү мөсөн сур харваа тэмцээнд цэц мэргэнээ сорихоор нийслэл, хөдөө орон нутгаас харваачид зорин очдог ажээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 29-ны өдөр Мөсний баяр эвент арга хэмжээ болно.