™ watch
ЭЛЕКТОРАТ ЦАГ | 1 долоо хоногийн өмнө

ЭЛЕКТОРАТ ЦАГ: Ж.Галбадрах: Сурч чадсан, чадаагүй чинь чамайг ирээдүйд хэн болохыг хэлж өгнө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 долоо хоногийн өмнө

Бид "Электорат цаг" нэвтрүүлгээрээ "Электорат хөдөлгөөн"-ний дэмжигч гишүүдтэй цувралаар ярилцаж байгаа билээ. Энэ удаагийн зочноор "Шинэ монгол" сургуулийн үүсгэн байгуулагч, "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн захирал Жанчивын Галбадрахыг урилаа. Түүнтэй монголын боловсролын салбар, түүний хөгжил, алдаа, онооны талаар голчлон ярилцсан билээ. 

-Зөв хүн гэдэг ойлголт танихаар хэн бэ?

Зөвхөн ухаан, мэдлэг боловсролоор бус улс орныхоо төлөө сэтгэл зүрхээ гаргах хэрэгтэй. Одоо бүгд санаа зовох үе ирсэн байна. Энэ чигээрээ байвал манай улс хэцүү зам руу орох гээд байна. Зөв хүн гэдэг нь сэтгэлтэй хүн гэж ойлгодог. Хүний сэтгэлийг таньж болдог зүйл. Хийж байгаа үйлдэл, үгээр нь зөв хүнийг таних боломжтой.

-Таны ярилцлагуудыг үзэж байхад улс орны хөгжлийн шалтгаан нь хүчирхэг иргэнийг бэлтгэдэгт оршдог. Тиймээс сургууль байгуулах санаагаа хэрэгжүүлж эхэлсэн гэж уншсан юм байна?

Чанартай боловсрол олгодог сургуулийг байгуулъя гээд "Шинэ монгол" сургуулийг байгуулаад 20 дахь жилдээ ороод явж байна. Манай сургуулийн хөтөлбөрийн гол онцлог, эрхэм зорилго  маань ирээдүйн Монгол орныг нуруундаа үүрч авч явж чадах иргэдэд шаардлагатай тэр бүрэн дунд боловсролыг олгоход оршдог. Тэр шаардлагатай боловсрол гэдэг нь  зөвхөн мэдлэгээр хязгаарлагдахгүй. Сургуулиуд нэг хичээл заагаад тэрнийгээ 100 оноонд дүйцүүлж шалгаж шалгалт тест авдаг. Боловсрол гэдэг нь эрдэм мэдлэгээс гадна тэр хүний төлөвшил хүмүүжил гэдэг чухал.

"Шинэ Монгол" сургууль алтан гурвалжин хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт нь мэдлэг, хоёрдугаарт эрүүл биетэй байх буюу биеийн боловсрол, гуравдугаарт сэтгэлийн боловрол. Эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн эдгээр үгийг хүн болгон хэлдэг ч яг сургууль дээр хичээл хөтөлбөрт яаж оруулж ирэх вэ гэдэг нь илүү сонирхол татаж байгаа. Эцэг эхчүүд, хүмүүс сурагчдын биднийг үнэлж байгаа гол зүйл нь  танай сургууль сэтгэлийн боловсрол, төлөвшил хүмүүжлийг сайн олгож байна гэж хэлдэг. Энэ утгаараа л манай сургуулийг зорьж ирдэг болсон. Бидний хөтөлбөрт хэрэгжүүлж байгаа тэр сэтгэлийн боловсрол гэдэг зүйл маань үр дүнгээ өгч байгаа юм боловуу гэж боддог.

-Монголд чанартай мэргэжилтэн бэлтгэж гаргаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал. Таны мөрөөдөл дэлхийд өрсөлдөхүйц 100 сургуулийн нэгийг бий болгох гэж сонссон. Та мөрөөдлөө хэр биелүүлж байна. Үнэхээр чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юу?

-Би өмнөх яриандаа дандаа бүрэн дунд сургуулиа ярьсан.  Би одоо "Шинэ монгол эрдмийн хүрээлэн"-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Манай эрдмийн хүрээлэн технологийн коллеж, технологийн дээд сургууль, цэцэрлэг орсон. Цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэлх цогц боловсролын институт юм. Манай "Шинэ Монгол" дээд сургуулийн хувьд бид тийм зорилго тавьсан. Технологи, инженерийн салбараар дэлхийн 100 сургуульд орно гэсэн зорилт байгаа.  Бид анх байгуулагдах үедээ энэ зорилгыг тавьсан ч их хол гэдгийг ойлгож байна. Нэлээд хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна.

-Таны амжилтын гол нууц юу юм бэ?

-Миний ийнхүү амжилттай ажиллаж байгаа нь би Монголынхоо бүх боловсролыг салбарт ажиллаад үзсэнийх. Их сургуулиа төгсөөд 22 настай байхдаа Төв аймгийн нэгдүгээр арван жилэээс багшийнхаа гарааг эхэлсэн. Дараа нь ХАА-н дээд сургууль, Боловсролын хүрээлэн, дараа нь 84-р сургуульд сургалтын менежер, дэд захирал хийж байсан. Ингээд бүх салбартаа ажилласан туршлага маань Монголынхоо боловсролыг бүх өнцгөөс нь харж чадах боломжийг олгосон. Нөгөө талаар Япон улсад очоод магистр, докторт сурангаа хүүхдүүдээрээ дамжуулан бодит харьцуулалтыг хийсэн. Японыг шүтээгүй, Монголоо муухай гэж ад үзээгүй харин ч  Монгол, Японы сайн сайхан чанарыг илүү харж чадсан. Багш хүн нь л энэ бүгдийг самбарын өмнө гаргаад хичээл зааж байхдаа олж харж чаддаг юм билээ. Мэдээж их зүтгэл орсон. Тэнд хувиараа сурч байсан оюутан сургууль байгуулна гэдэг бол зүйрлэшгүй зүйл байсан. Миний мөрөөдөл сургууль байгуулна гэдгээ олон хүнд хэлсэн. Тэр хүмүүс маань ч дэмжин гэдгээ илэрхийлж байсан. Гэсэн ч байгуулах үедээ их л шантарч байсан. Гэхдээ яг хийх гээд байгаа зүйл маань ирээдүйн Монгол орны хөгжилтэй холбогдоно. Тийм ч учраас улсынхаа ачийг хариулъя гэдэг сэтгэл маань том хүч болж байсан. Хүнд амласнаа биелүүлэхийн төлөө зүтгэдэг нь миний амжилтын үндэс юм болов уу гэж бодож байна.

-Монголын сайн талыг Японтой нийлүүлээд хөтөлбөр гаргаж ирсэн гэж та хэллээ. Тэгэхээр монгол, япон хүний давуу  талууд нь юу байгаад та онцлогийг нь гаргасан бэ?

-Монгол, япон хүнийг нийлүүлчихбэл их гоё хүн бий болно. Аль алиныхаа сайн чанарыг авсан супер хүн бий болно. Тулсан асуудалд шийдвэр гаргах чадвар сайн, байгаараа, олон зүйлийг нягтлаад байдаггүй мөртлөө мэдрэмж сайтай. Малчин хүн цаг агаарыг харж байгаад хүйтрэх нь гэвэл аргаа бодно. Бичиж тэмдэглэхгүй ч олон шийдвэрийг өөрийнхөө ухаанаар гаргадаг. Энэ бол бидний генд байдаг нь олон орны хүмүүстэй уулзаж байхад ажиглагддаг.

Харин Энэ хоёр чанарыг нийлүүлвэл их гоё юм байгаа юм. Тэгээд би япончуудын гаргаж ирээд байгаа хөтөлбөр гэж юу юм бэ гэдгийг судалсан. Судалж үзэхэд бодлогын бүх ном нь систем сайтай, алдаагүй, задаргаатай хөтөлбөртэй байсан. Өдөрт 50 бодлого бодох ёстой гэвэл яг тэрнийгээ л бодно. Монгол багш нар өөр. 50 бодлого бодох ёстой байсан бол 5 бодлого бодчихоод "За ойлгосон уу? Яг энэ логикоор бодно" гэдгийг сайн хэлж өгөөд тэгээд өөрсдийг нь орхичихдог. Монголын хүүхдүүд хоорондоо их сайхан харилцаатай байдаг. Хичээлийн шахалт бага, өрсөлдөөн бага учраас ч тэгдэг байх. Гэхдээ хэтэрхий задгай болчихоод байна. Энийг нь манай сургуулийн хөтөлбөр өөрчилж байгаа.  

Манай сургууль дотроо карьер төвтэй. Энэ төв нь төгсч байгаа хүүхдүүд маань аль улсын ямар сургууль руу явах вэ, дотоодын ямар их сургуульд суралцах вэ, ямар мэргэжил тохирох вэ гэдгийг нь хүүхэдтэй ярилцаж, тест хийж зөвлөгөө өгдөг. 12-р ангийн хүүхдүүд  жилийн турш цаг аваад, уулзаад тэгээд тэрнээс нь судалгаа аваад барилгын инженерээр сурах хүүхдүүдийг нийлүүлээд дотоодын барилгын компани дээр очиж танилцуулдаг. Тэгэхээр хүүхдүүдэд төсөөлөл, бодит байдлаа хараад өөр болж илүү тэр мэргэжилдээ дуртай болдог.

-Гадны сургуулидад сураад мэргэжил эзэмшсэн залуус Монголдоо эргэн ирж байгаа хувь нь хэр их өндөр вэ?

-Нэлээд өндөр байсан. Яагаад байсан гэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд өөр хандлага бас гараад байна. Тэтгэлэг өгч байгаа газрууд, хүмүүс нэг л нөхцөл тавьдаг. Төгссөн хүүхдүүдээ буцаад Монголдоо ирэх ёстой гэж. Хүүхдүүд нэлээд ирдэг байсан. Яг Монголдоо ирээд ажиллахаар тэр дундаа Орчин үеийн технологижих үйл явц хэрэгтэй байна. Хүүхдүүд ч гэсэн өндөр технологи сурсны хэрэг гарахгүй байгаад байна. Тэгээд одоо гарааны бизнес эхлүүлэх зориг зүрх их байна. Чөлөөт зах зээлийнхээ зарчимаар хууль дүрэм нь хэрэгждэг байх хэрэгтэй...

...


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.