“Цас бутлагч”, “Эзэн”, “Алуурчны дурсамж”, “Окжа” зэрэг бүтээлүүдээрээ хэдий нь үзэгчид, кино сонирхогчдын танил болсон найруулагч Бон Жун Хо Холливудад түүх бүтээж, 92 дахь удаагийн Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолд "Parasite" буюу “Шимэгч” бүтээлээрээ наадмын тэргүүн дээд дөрвөн ч шагналыг авч ганзагаа дүүргэлээ. Анх удаа улсаа төлөөлөн Оскарын шилдэг найруулагч, кино, зураглал зэрэг зургаан төрөлд нэр дэвшсэн бөгөөд шилдэг кино зохиол, шилдэг найруулагч, шилдэг кино, шилдэг гадаад хэл дээрх киногоор шалгарч БНСУ-ын кино урлагийн түүхэнд төдийгүй 92 удаа зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслолын түүхийг шинээр бичсэн билээ. Эрхэм хүндэт найруулагч Холливудын тайзан дээр амрах цаг болсон гэдгийг хэлсэн бөгөөд "Parasite" бутээл нь Оскарын наадамд нэр дэвших үед өөрт төрсөн баяр бахдлаа юутай зүйрлэж, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байгаа тухайгаа хуваалцсан юм. Гайхалтай, уран чадварлаг авьяастай найруулагч Бон Жун Хогийн Оскарын шагнал гардуулах ёслолын өмнө The New York Times хэвлэлд өгсөн ярилцлагыг монгол хэлнээ хөрвүүлэн буулгаснаа уншигчид та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.
Өмнөд Солонгос улсын кино урлаг зуун жилийн баялаг, түүхэн уламжлалтай хэдий ч та анх удаа Оскарт нэр дэвшсэн Солонгосын найруулагч болж байна. Мэдрэмжээсээ хуваалцаач?
Найруулагчид бид кино хийхдээ аль нэг улс оронд, эсвэл тив дэлхийд зориулдаггүй нь мэдээж хэрэг. Ямар ч уран бүтээлч бүтээлээ хүсэл мөрөөдлөөрөө, түүнээ биелүүлэхийн төлөө хийдэг байх. Гэхдээ Азийн, тэр дундаа Солонгосын бүтээл Оскарт тэр бүр нэр дэвшээд байдаггүй. Энэ бол маш ховор тохиох үйл явдал. Солонгосын хэвлэлүүд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээж авлаа. Яг л үндэсний хэмжээний баяр наадамж болж байгаа мэт санагдаж байна.
Та амжилтаараа бахархаж байна уу?
Би маш их баяртай байгаа ч энэ бол зөвхөн миний бүтээл биш гэдгийг онцолмоор байна. Уг киног бүтээхэд надтай хамт ажилласан бүх хүмүүс, баг хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна.
Солонгос кино яагаад яг энэ цаг үед ийм хэмжээний амжилтад хүрч байна гэж та бодож байна вэ?
Миний бодлоор “Шимэгч” одоо байгаа цаг үеэсээ ялгарч гарч ирсэн цорын ганц кино биш. Солонгосын кино урлаг маш урт хугацааны түүхтэй. “Шимэгч” бол урьд өмнө ч хийгдэж байсан солонгос кинонуудын үргэлжлэл. Энэ салбарын түүхийн нэг хэсэг. Өмнө нь найруулагч Пак Чан Вукийн “Зарц эмэгтэй” BAFTA олон улсын кино наадмаас шагнал хүртэж байсан бол Ли Чан Донгийн “Шаталт” өнгөрсөн жил Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд өрсөлдсөн зэрэг амжилтуудыг дурдаж болно. Мөн богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд ч удаа дараа Оскарт нэр дэвшиж байсан. Бүх цаг үед гаргаж байсан эдгээр амжилтууд өнөөдөр “Шимэгч”-ийг энэ зам руу хөтлөн оруулсан хэрэг.
“Шимэгч” бол таны найруулагчаар нь ажилласан долоо дахь бүрэн хэмжээний кино. Та киног хийж байхдаа ийм том амжилт гаргана гэсэн мэдрэмж төрж байсан уу?
Каннаас эхлээд өнөөдөр Лос Анжелест ирэх хүртэл урт удаан замдаа бид ийм үйл явдал болно гэсэн хүлээлттэй байгаагүй. Нэн ялангуяа бокс оффист орж, дэлхий даяар танигдана гэж бодоогүй. Магадгүй хэзээ ч ингэж төсөөлж чадахгүй байсан байх. Киноны маань сэдэв маргаантай байсан учраас үзэгчид, цаашлаад дэлхий хэрхэн хүлээж авах тал дээр үргэлж санаа зовсоор ирсэн. Харин “Шимэгч” тэдгээр сорилтуудыг давж үзэгчдэд хүрсэнд би үнэхээр баяртай байна.
Шүүмжлэгчид киног нэг дор сэтгэл хөдлөл, биеийн болоод оюуны хэт олон янзын түвшнийг харуулж байна гэдгийг анхааруулж байсан. Та юуг илүү харуулахыг зорьсон юм бэ?
Миний киног үзэж байгаа үзэгчид биеэрээ болоод зөн совингоороо орж мэдрээсэй гэж хүсдэг. Тэд үйл явдалд соронз мэт татагдаж уусаасай гэж хүсдэг. Тэд эзэмдэгдэж, чичирч салганаасай гэж хүсдэг. Харин кино үргэлжлэх хоёр цагийн дараа гэртээ хариад шүршүүрт ороод орондоо хэвтэхэд оюун санаа, зөрчил маргаан, баяр бахдал зэрэг зэрэг төрж маш их мэдрэмжтэй үлдээх нь киноны зорилго. Үзэгчид кинонд татагдаж, энэ тухай бодож, ярихаа ч зогсож чадахгүй болох нь зорилго юм. Энэ бол миний үзэгчдэдээ өгөхийг хамгийн их хүсдэг зүйл.
Өнгөрсөн жил “Рома” гадаад хэл дээрх шилдэг кино болон шилдэг киноны төрлүүдэд нэр дэвшиж хоёуланд нь шагналын эзэн болсон. Кино сонирхогчид, үзэгчид өмнөхөө илүү даяарчлагдаж байна гэж боддог уу? Англи хэл дээр хийгдээгүй кино бүтээлүүдийг илүү хүлээж авдаг болсон юм шигээ..
Миний бодлоор Америк, олон улсын хамтын нийгэмлэгийн үзэгчид гадны соёл иргэншилд нэвтэрч, гадаад хэл дээрх киног илүү их сонирхдог болсон байна. Тиймээс ч “Шимэгч” Америкт амжилтад хүрсэн гэж бодож байна.
Эх сурвалж: The New York Times