БНСУ-ын кино урлагийн зуу гаруй жилийн түүхэнд онцгой үйл явдал тохиож анх удаа тус улсын найруулагчийн бүтээл АНУ-ын кино академийн шагнал гардуулах ёслол Оскарын наадамд нэр дэвшсэнийг өнгөрсөн шөнө дэлхийн нийтэд зарласан билээ. 92 дахь удаагийн Оскарын наадамд БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн ээлжит бүтээл “Parasite” буюу “Шимэгч” нэртэй инээдмийн төрлийн кино зургаан төрөлд нэр дэвшсэнээр түүх бүтээгээд байна.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард анх удаа Каннын кино наадмын дэлгэцнээ гарч Алтан дал мод хүртсэн бүтээл Оскарт ч шагнал хүртэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Урьд өмнө БНСУ-ын кино бүтээл Каннын кино наадмын дээд шагнал дал модыг хүртэж байгаагүй ажээ.
“Шимэгч”-ийн найруулагч, энэ жил 50 настай Бон Жун Хо Солонгосын түүхэнд байгаагүй амжилт гаргасан талаараа ярилцлага өгөх үеэрээ дахин нэг гэнэтийн бэлэг задалсан юм. Түүний шилдэг бүтээлүүдийн нэг “Parasite” удахгүй алдарт HBO сувгийн цуврал бүтээл болон дэлгэцнээ амилах ажээ. Найруулагч Адам МакКэй HBO-ын цуврал “Parasite”-ыг дэлгэцэнд амилахад хамтран ажиллахаар болсон байна.
Бон Жун Хо уг шийдвэрийнхээ талаар "үзэгчдэд хоёр цаг гаруйн /132 минут/ хугацаанд амжиж үзүүлж чадаагүй зүйлээ цөөн ангит цуврал болгон илүү чанартай, дэлгэрэнгүйгээр харуулахыг хүсч, зорьж байна" хэмээн өгүүлжээ. Энэ жилийн Алтан Бөмбөрцөг кино наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино бүтээлийн шагнал хүртсэн “Шимэгч” 92 дахь удаагийн Оскарт шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг олон улсын кино, шилдэг эвлүүлэг, шилдэг зураглал гэсэн зургаан төрөлд нэр дэвшээд байгаа юм. Харин Оскарт энэ жил “Joker” хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшиж байна.
Шагналын хур бууж найруулагчаа баярлуулж буй “Parasite” 13,5 тэрбум вон буюу 11 сая ам.доллараар бүтэж, 131 сая ам.долларын ашиг орлого цуглуулаад байгаа юм. Киноны үйл явдалд орчин үеийн Өмнөд Солонгосын ядуу айл, баян айлын өнгө төрхийг инээдмийн төрлөөр элэглэж харуулсан нь олны сэтгэлд хүрсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: The Collider