Монгол улсын Засгийн газрын өнөөгийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх 1994 оны зун Япон улсын Аомори мужид айлчилж байжээ. Японы Гадаад хэргийн яамны урилгаар зочилсон төлөөлөгчдийн дунд Ерөнхий сайд маань багтсан гэдэг. Тухайн үед хоног төөрүүлж байсан айлынхаа охинд ирээдүйд эх нутаг Монгол орондоо заавал урина гэсэн амлалтаа биелүүлэхээр эрэл хайгуул хийсний эцэст олсон байна.
Ерөнхий сайдын цэл залуу 28 насандаа эргэж олно гэсэн амлалт өгч байсан 62 настай Митоши Такамураг Япон улс дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан олж, өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр очиж уулзсан байна. Ноён Такамура Гонохе тосгонд амьдардаг ажээ.
Ерөнхий сайд Хүрэлсүх 28 настай байхдаа Ази-Номхон далайн орнуудын залуучуудын харилцааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 1994 оны 8-9 дүгээр сарын хооронд Япон улсад зочилсон байна. Энэ хугацаандаа Аомори мужид долоо хонож, мужийн захиргааны байранд зочилжээ. Энэ үеэрээ Такамурагийнд хоёр хоносон байна. Такамурагийн хоёр дахь охин Томоми тэр үед найман настай байсан ба Ерөнхий сайдын охинтой нас чацуу байсан тул ихэд өхөөрдөж, дараа заавал Монголд урина гэсэн амлалт өгөөд буцжээ.
Өнгөрсөн жил Япон улс шинэ эзэн хаан Нарухитог залж, дэлхий дахинд тунхаглан зарлах үеэр Засгийн газрын тэргүүн хүндэтгэлийн арга хэмжээнд уригдаж дахин наран ургах оронд зочилсон юм. Хүрэлсүх 26 жилийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд холбогдох шатны эрх баригчдад хандан тус гэр бүлийг олж өгөхийг хүсчээ. Япон хэл сайн мэддэггүй, тэдний нэрийг ч бүр мартсан байсан тул ердөө тухайн үед авахуулсан зураг л түүнд үлдсэн байж.
Өмнө нь хэд хэдэн удаа тэднийг олох гэж оролдож байсан гэдгээ Хүрэлсүх мэдэгдсэн хэмээн эх сурвалжид дурджээ. Такамура Монгол улсын Ерөнхий сайд түүнийг эрж хайж буйг мэдээд маш их баярлаж, сэтгэл нь хөдөлсөн тухай ярьжээ. Тэднийд олон хүн зочилдог байсан бөгөөд бүгд дурсамжтай сайхнаар эргэн санадагт талархдаг гэжээ. Гэвч тухайн үед зочилж байсан залуу өдгөө Ерөнхий сайд болсон гэдэгт тун их гайхаж, урилгыг нь хүндэтгэлтэйгээр хүлээж авсан хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: topics.smt.docomo.ne.jp