Австрали улсад өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ган гачиг нүүрлэж, их хэмжээний ойн түймрийн улмаас хагас тэрбум амьтан, хязгааргүй тооны ой мод, ургамал ногоо устсан билээ.
Одоогоор 6,3 сая гаруй га талбай шатаад байна. Ой судлаачид түймэр унтарсны дараа жилийн хугацаанд ойг нөхөн төлжүүлэх боломжтой тухай ярьж байсан бол түймэрт өртөж, үнс нурманд дарагдсан зарим газарт амьдрал дахин эхэлж буйг батлан ургамал ногоо ургаж эхэлжээ.
Гэрэл зурагчин Мюррэй Лоу түймэр хамгийн их ассан Шинэ Өмнөд Уэльсийн төвийн Кулнура хот дахь гэрийнхээ ойролцоо гурван долоо хоногийн өмнө түймэрт автсан ойд эрэл хайгуулд гарчээ. Ингэхэд саяхан шатсан ойд амьдралын эх булаг болсон өвс ургамал ургаж эхэлсэн байна.
71 настай гэрэл зурагчин энэ тухай цахим орчинд нийтэлснийг олон мянган удаа бусадтай хуваалцжээ. Энэ нь түймэртэй тэмцэж буй ард иргэдэд итгэл найдвар, гэрэл гэгээ төрүүлж чадсан юм.
Харин ургамал судлаачид, сонирхогчид түймрийн дараа ой богино хугацаанд нөхөн сэргээгдэх боломжтой эсэхэд эргэлзэж байна. Олон арван сая жилийн турш түймэрт өртсөөр ирсэн ой хувьслын үе шатандаа богино хугацаанд нөхөн төлжих, хөгжих чадвартай болсон гэж Шефелдийн их сургуулийн галын экологи судлаач доктор Кимберли Симпсон тайлбарлажээ.
Австралид ургадаг өвс ногоо, бут сөөг, модод түймрийн дараа хоёр замаар нөхөн сэргээгддэг. Эхнийх нь зурган дээрхтэй адил богино хугацаанд дахин соёолох чадвартай байдаг. Учир нь хөрсний өнгөн гадаргуу түймрээс хамгаалагдсан давхаргтай. Тиймээс богино хугацаанд соёолж чаддаг байна.
Хоёр дахь нь зарим ургамлын үр халуунд тэсвэртэй болсон байдаг тул богино хугацаанд нөхөн сэргээгдэх боломж бүрддэг ажээ. Ийм аргаар нөхөн төлжилт явагддаг ч зарим нь маш богино хугацаанд, зарим нь илүү удаан хугацаа шаарддаг гэж биологичид үздэг байна.
Эх сурвалж: The BBC