НОБГ, НМХГ, Агаарын чанарын газраас эхний ээлжийн 20 мянган угаарын хий мэдрэгчийг энэ бямба гарагт хүлээн авсан талаар өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.
ХУД-т 1 285, БЗД-т 1 285, ЧД-т 3 450, БГД-т 1 422, СХД-т 693, СБД-т 1902 ширхэг европ стандартын угаарын хий мэдрэгчийг тараан, энэ долоо хоногт айл өрхүүдэд үнэгүй сууриулж өгнө гэв. Уг мэдрэгч гурван гэрэл асна. Улаан гэрэл асвал агаараа сэлгэх ёстой, ногоон гэрэл нь 30 секунд тутам асна. Энэ нь хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Шар гэрэл асвал эвдэрсэн байна гэж ойлгох хэрэгтэй гэж НОБГ-аас мэдээллээ.
Улсаас нэг удаа нэг өрхөд үнэгүй уг төхөөрөмжийг өгч байгааг онцлов. Өнөөдрөөс гэр хорооллын айл өрхүүдэд тарааж, давхар сургалт явагдана. Угаар нь өнгөгүй, үнэргүй тул 30РР болсон бол утаа мэдрэгч ажиллаж эхэлнэ. Энэхүү төхөөрөмж нь 30-300РР хүртэл мэдэрнэ.
Олон улсын стандартын дагуу агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болвол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргадаг.
Байшин орон сууцанд амьдардаг бол унтлагын өрөөндөө, гэрт амьдардаг бол тоононоос 30 см зайтай тогтооно. Аль болох унтлагын өрөөндөө ойр байрлуулснаар шөнө угаарын хийнд мэдрэгдлээ гэхэд сонсох боломжтой юм гэлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек "Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийх бөгөөд өрх бүрт гарын авлага өгнө. Гарын авлага хоёр хувь бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" хэмээн ярилаа.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дараагийн 60,000 ширхэг нь Бямба гарагт ирж, төхөөрөмж тараах ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлэв.