Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар байгаль орчин тэр дундаа уул, уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангах ерөнхий чиг үүрэгтэй Экологийн цагдаагийн албыг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ үеэр Төмөр замын цагдаа, замын цагдаагийн газар байсныг Тээврийн цагдаагийн газар гэж нэг бүтэцтэй болгохоор шийдвэрлэлээ. Экологийн цагдаагийн алба байгуулснаар уул уурхай түлхүү хөгжсөн арван аймгийн 100 гаруй сумд 180 гаруй ажлын байр шинээр бий болох аж.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус албаны даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томиллоо. Тэрбээр Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 2001 онд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан аж. Ажлын гараагаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр эхэлж, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх II хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.
Г.Ган-Эрдэнэ