Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газар цахим хуудсандаа байршууллаа. Түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтанд оруулж, бие, нүүр царайны хэлбэр төрх, шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Авлигатай тэмцэх газраас батлаж байгаа юм.
Тодруулбал тэрбээр өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасан.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа удалгүй Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан юм.
Гэвч Ч.Сайханбилэг шүүхээс товлосон хугацаандаа эх орондоо ирээгүй, хоёр ч удаа хойшлуулжээ. Тиймээс түүнийг оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж хэлж байна.
Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас мөн эрэн сурвалжилж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Уг зарлалд Ч.Сайханбилэгтэй холбоотой мэдээллийг худалдаж авах бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг нууцална гэжээ.