Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй гэдэг. Өвлийн улиралд хүний дархлаа мууддаг.
Ялангуяа хотод амьдарч байгаа иргэдийн хувьд агаар орчны бохирдол зэргээс хамаарч эмч нар амин дэм, антиоксидантаар баялаг, тослог ихтэй хоол унд хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд та бүхэнд хүйтний улиралд хэрхэн хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа дэмжин, эрүүл саруул байх талаар Аму үр тариа, хоол заслын төвийн Уламжлалт анагаах ухааны их эмч Т.Балжиннямтай ярилцлаа.
-Хүйтний улиралд өөрийн биеэ хэрхэн арчлах талаар тодорхойлсон зөвлөмж байдаг уу?
-Өвлийн улирал нь хүйтэн чийгтэй, нойтон гэдгээр усан мах бодь дэлгэрсэн үе гэж үздэг. Энэ үед бөөр давсагны үйл ажиллагаа суларч өвчлөл нэмэгддэг. Тийм учраас өвлийн улиралд маш дулаан хувцаслаж, доороосоо даарахгүй, тохирсон хоол болон цайгаа зөв цагтаа тохируулж идэж ууваас бөөрний болон хүйтнээс болсон элдэв өвчнөөс сэргийлж чадна.
-Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой хоол хүнсний талаар зөвлөгөө өгөөч?
-Уламжлалт анагаах ухаанд улиралдаа тохируулан хооллох тухай онол байдаг. Зуны улиралд цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн намрын улиралд үр тариа, шинэ ногоо, жимс жимсгэнэ түлхүү идэх, өвлийн улиралд хүйтнийг дарах бүлээн тослог шим тэжээлтэй, халуун чанарын хүнс хоол хэрэглэх. Хөдөөнийхөн махан хоолыг түлхүү хэрэглэх нь зохимжтой. Хот газрын хүмүүс биеийн хүчний хөдөлгөөн бага, оюуны хөдөлмөр хийдэг учраас махыг түлхүү хэрэглэх нь бас зохимжгүй. Аль болох хүнсний ногоотой тохируулж хэрэглэх. Өвлийн улиралд бол адуу хонины мах, үхрийн махыг хэрэглэх нь зүйтэй. Адуу хонины мах нь халуун чанартай, илчлэг ихтэй учраас ихээр хэрэглэвэл сөрөг үр дагавартай. Тэгэхээр эдгээр махыг ээлжлэн зохистой хэрэглэх хэрэгтэй.
-Хэт их өөх тостой хоол хүнс хэрэглэх нь хүний биед ямар өөрчлөлт авчрах вэ?
-Тосны зүйлд өрөм, тос, шар тос, ургамлын болон амьтны гаралтай өөх тос бүгд орж байна. Гэхдээ аль нэгийг нь хэтрүүлэхгүй зохистойгоор зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд өөх тос бараг хэрэглэхгүй байгаа нь нэг бодлын сөрөг үр дагавартай. Амархан даардаг болох, биеийн арьсны өнгө хувирах, хуурайших, дархлаа оюун ухаанд хүртэл сөрөг нөлөөтэй. Тийм учраас өвлийн улиралд илчлэг чанартай мал амьтны гаралтай хоол ундааны зүйлсийг түлхүү хэрэглэх. Суурин газрын хүмүүс малын өөх, тос хэрэглэж чадахгүй бол ургамлын гаралтай гүнждийн үр, маалингын тос, шар тостой арвайн гурил идэх тослог чанарын бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр хэрэглэж байж биеийн арьс үсийг тослогжуулж, өнгөлөг болгох, цог золбоог бий болгодог. Түүгээр ч зогсохгүй цөсний үйл ажиллагаа, судасны хатуурлаас сэргийлдэг. Ялангуяа сүүлний өөх өөрөө маш их амин дэмтэй учраас судас хатуурлын эсрэг тархи мэдрэлийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой.
Сүүлийн үед амьтны гаралтай өөх тосыг хүүхдүүд идэхгүй байна. Бор хоолонд орох үеэс нь булууны ясны шөлтэй, сүүл зэргийг жижиглэн хоолыг баяжуулан амт тэжээллэг болгож өгөх хэрэгтэй.
Өвлийн улиралд хүйтнийг давах үйлчилгээгээрээ хар төрлийн үр будаа, хар бөөрөлзгөнө, хар буурцаг, хар гүнждийн үр түлхүү үйлчилгээтэй тул бөөрний өвчтэй, хүйтэн газар ажилладаг бол энэ төрлийн хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг.
-Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой хоол хүнсний талаар зөвлөгөө өгөөч?
-Өвлийн улиралд ханиад томуу ихсэж, дархлааны систем алдагдаг. Ханиад маань ямар шалтгаанаар үүсдэг вэ гэхээр хоёр шалтгаантай байдаг. Нэгдүгээрт цэр салст ихтэй, нус нь байнга гоождог бүгшүүлж ханиалгадаг. Нөгөөх нь дотор биеийн халуун ихсэх элэг цөсний хордлогоос шалтгаалсан харшлын чанартай, цочмог багтраа ханиад гэж байдаг. Тэгэхээр уг хоёр төрлийн ханиадандаа тохируулаад хоолоо зөв тохируулах хэрэгтэй.
Өвлийн улиралд түлхүү нэрс, бөөрөлзгөнө жимс, аньс, сүү, хярам, ясны шөл амин дэмлэг мах шөлтэй жигнэсэн уураар болгосон битүү хоолнууд хэрэглэх нь биеийн дархлааг сайжруулах хүйтэн хий үүсэхээс сэргийлэх, учиг өвчнийг арилгахад тустай байдаг.
Аливаа идэж байгаа хоол хүнснийхээ мөн чанарыг ойлгох ёстой. Ямаа, тэмээний махыг сэрүүн чанартай гэдэг шиг идэж ууж байгаа хоол хүнсээ ямар мөн чанартай вэ гэдгийг нь мэдээд биеийн өвөрмөц чанар, өвчний байдалдаа тохируулж хэрэглэх хэрэгтэй. Ханиад хүрсэн үед сармис, сонгинотой, цагаан гаатай битүү шөл уудаг. Гэтэл цочмог халдвар бүхий халуунаас шалтгаантай урхаг өвчний үед халуун чанартай исгэлэн аарц, тараг, сармис, сонгино хэрэглэх нь өвчнийг дарахаасаа илүү дэврээдэг онцлогтой. Эсрэгээрээ хүйтнээс даарсан ханиалгын дарах үед халуун чанартай цагаан гаатай, аарцтай, сармистай, адууны махтай шөл идвэл тохиромжтой. Ер нь идэж ууж байгаа хоол хүнснийхээ мөн чанарыг тохируулж идвэл буцаад тэр нь эм болно.
Булууны ясны шөлтэй хоол унд хэрэглэх нь архаг өвчтэй хүнийг тэнхрүүлэх, биеийн хорыг гадагшлуулж кальци, эрдсийг нэмэгдүүлдэг. Байнга ууснаар үений тэжээл болно.
Антибиотикийн хорийг тайлахын тулд сүү, шар сүүнд хүүхдээ оруулах, булхуулах, сүүн бариа хийхээс гадна орой унтахаас өмнө хөөрүүлсэн сүү, хярам өгөх нь хор тайлах маш их ач холбогдолтой.
Өвлийн улиралд хоол сойх хамгийн тохиромжгүй улирал. Хаврын сараас хооллолтоо багасган хөнгөн хэлбэрт шилжин зуны саруудад хоол сойж болно.
-Өвлийн улиралд ногоон цай, халуун ногоо идэх нь зохимжгүй гэдэг үнэн үү?
-Ногоон цай, ус нь сэрүүн чанартай. Онцолж хэлмээр зүйл бол төв газрын хүмүүс өвлийн улиралд цай чанахгүй өдөр, шөнөгүй ус уудаг болсон. Тийм учраас ус нь өөрөө хүний эрдэс шим тэжээлийг алдагдуулдаг бөөрөнд байнга ачаалал өгдөг, ходоодны шингээлтийн чанарыг муутгадаг гэж үздэг учраас өвлийн улиралд цай буцалгаж уух, ядаж дүрдэг цай, хярам уух, оройдоо хөгшид хүүхдэд сүү хөөрүүлж уулгах, ясны шөл зэрэг унд хоолыг хэрэглэхгүй бол сэрүүнээс болсон өвчтэй хүн ногоон цай уувал улам сэрүүдэн, нойргүйдэл, хий ханиалгадаг. Тэгэхээр сэрүүн, бүлээн чанарын идээг улиралдаа тохируулж хэрэглэх ач холбогдолтой.
Өглөө 8 аяга ус уух гэхээсээ илүү өлөн элгэн дээрээ ширгээсэн юм уу бага зэрэг хужиртай, давстай ус уух. Эсвэл хүнд тослог хоолны араас ус уух. Хордлогод орсон бол ус ширгээж мөнгөн аяганд уувал нянгийн эсрэг биеийн халдвараас сэргийлэх ач тустай.
-Бидний өдрийн хэрэгцээнд шаардлагатай C аминдэмийн 70% нь нэг том амтат төмсөнд байдаг" гэж эрүүл хооллолтоороо алдартай Их Британийн тогооч Жейми Оливерын вебсайт дээрээ бичсэн байсан. Тэгэхээр хоол хүнсээр дамжуулан амин дэмийг авах боломжтой юу?
-Амтат гуаны үр, маалингын үр, гүнждийн үр, наранцэцгийн үр, самар гээд төрөл бүрийн үрсийн зүйл хэрэглэх. Үрээс бүх зүйл ургаж соёолдог тул үрсийн зүйлийг түлхүү хэрэглэх, ургамлын гаралтай ханаагүй тосны хүчил нь А, Д амин дэмийн агууламж өндөртэй байдаг. Тийм учраас эдгээр зүйлийг хүн өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй.
Зарим зүйлийг үр тариа, жимсний үйлчлэлийг танилцуулж байна.
Гоньд нь уламжлалт анагаах ухаанд хий дарах, ядаргааг арилгах, нойргүйдэл, зүрх дэлсэхийг бууруулна гэж үздэг. Мөн төрсөн ээжийн хөхний сүүг сайн оруулах, тамир тэнхээ алдахаас сэргийлдэг.
Өвлийн улиралд цагаан гааг хэрэглэснээр биеийн чийгийг багасгах, үрэвслийн эсрэг, цусны эргэлтэд сайн. Хүйтнээс болсон агшсан судсыг тэлнэ. Судасны нарийсалтай толгой өвддөг хүмүүс цагаан гаатай цай уувал толгой өвдөлт намдаахаас гадна ханиалга, цэр ховхлох үйлдэлтэй.
Улаан үзэм нь хавдрын эсрэг өндөр үйлдэлтэйгээс гадна бөөрний үйл ажиллагааг дэмжих, зүрхний үйл ажиллагаанд маш сайн нүдний харааг сайжруулна, холистрен бууруулна.
Хар буурцаг нь бөөр нурууны өвдөлт намдаана. Бөөрний хүйтэн хийг арилгах, эмэгтэйчүүдийн нуруу, бэлхүүсээр өвдөх, биеийн юм зовууртай ирэх үед хар буурцгийг хэрэглэх нь тохиромжтой. Аму төвөөс хар буурцгийг нутаглаад өгдөг байгаа. Уг нунтгийг усанд найруулаад ууж болно.
Амтат гуаны үр нь цайрын агууламж өндөртэй учраас хүүхдийн өсөлт хөгжилт, ой тогтоолт, нүдний хараанд маш сайнаар нөлөөлдөг. Ялангуяа сүүлийн үед хэт хөдөлгөөнт хам шинжтэй хүүхдэд хэрэглэвэл маш сайн. Уг шинж нь цайр дутагдсанаас үүдэлтэй байдаг. Өдөр тутамдаа өгвөл цайрын дутагдлыг нөхдөг. Түүнчлэн эмэгтэйчүүдэд зөвлөхөд үс, хумсыг мах сайн бэхжүүлдэг.
Улаан чавгыг байгалийн аспирин гэдэг. В төрлийн амин дэм ихтэй цусыг маш сайн шингэлж, элэгний хорыг гадагшлуулдаг. Цусыг шингэлснээр даралтад нөлөөлдөг. Булууны ясны шөлөн дээрээ улаан чавга буцалгаад хоол ундандаа хэрэглэх хэрэгтэй.
Буйлс жимс нь архи, тамхи, харшлын шалтгаантай ханиалга, уушгины үрэвслийн үед хүлхэж идэх юм уу буцалгаж уувал, цэр ховхлон уушги цэвэрлэх үйлдэлтэй.