СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЕХ-ны гурван гишүүнийг чөлөөлж шинээр таван гишүүнийг томиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн (2020.01.08) нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж баталсан.

СЕХ нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.

СЕХ-ны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.Тиймээс

Ерөнхийлөгчийн зүгээс Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг,

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг,

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг СЕХ-ны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.

Ингээд

Нэр дэвшигч Г.Байгалмаа:

2002-206 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тогтоол гүйцэтгэгч, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2016 онд Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа.

Нэр дэвшигч Э.Батболд:

2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн улирдлагын мэргэжлээр төгсөж, 2010-2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2007-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д зөвлөхөөр ажилла байжээ. 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч Д.Баяндүүрэн:

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 1988-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, арбиртч, 1991-1992 онд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн, 1992-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, референт, ахлах референтээр тус тус ажилласан. 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигч О.Амгаланбаатар:

нь инженер, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй бөгөөд 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт, 2014-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.  

Нэр дэвшигч Б.Ганбат:

Өмнө нь СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулж байгаа юм.

Тэрээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажилласан. Улмаар 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа ажээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.