Akon-ыг бид Грэммийн шагналт уран бүтээлч, дуучингаас гадна шилдэг бизнес эрхлэгч гэдгийг мэднэ. Тэгвэл 45 настай уран бүтээлч Нидерландын Гаагь хотод болсон “One Young World” дээд хэмжээний уулзалтад илтгэл тавихдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.
Тэрээр гэнэтийн мэдэгдэл хийж үзэгчдийг гайхшруулснаас гадна Энэтхэг, Малави, Монгол зэрэг улсуудын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт залуу бизнес эрхлэгчдийг цаашид дэмжин ажиллана гэлээ. Akon ядуурлыг бууруулж, эдийн засгийг хөгжүүлэх сэдвээр илтгэгчдийн нэг байсан юм.
“One Young World” дээд хэмжээний уулзалтад 200 орчим орны салбар бүрийн төлөөлөгчид ирж, дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдэх гарц хайдаг.
Akon: “Одоо миний хэлэх зүйл галзуу сонсогдож магадгүй. Гэхдээ надад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх урам зориг хайрлаарай. Би сонгогдсоныхоо дараа “One Young World-оос” аяллаа эхлүүлсэн гэдгээ марталгүй санаж, бусдад бахархалтай хэлэх болно” гэжээ.
Akon буюу Алиауме Тиам “Гэрэлт Африк” сангаа 2014 онд байгуулж Африк даяар 250 сая өрхийг гэрэл цахилгаантай холбох зорилго тээжээ. Өнгөрсөн зун Сенегалийн Ерөнхийлөгч түүнд 2,000 акр газар бэлэглэснээр өөрийн нэрийн “Akoin” цахим мөнгөн дэвсгэрт дээр суурилсан орчин үеийн шинэ хот барих ажлаа төлөвлөж эхэлжээ.
Эх сурвалж: www.standard.co.uk