Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугласан 580 эрхий мэргэн цэц сорьсноос Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, спортын мастер Баатарын Дашзэвэг түрүүлж Монгол Улсын мэргэн цол хүртэж Алтай нутгийнхнаа баярлуулсан билээ. Сурын алтан зурхайд олон жил дуншин байж төрсөн мэргэн цол энэ нутгийнханд анхных байв. Б.Дашзэвэг мэргэн 40 настайдаа сурын спортод хөл тавьж, анх нум эвшээлгэн татсан гэдэг. Спортын өөр бусад төрөлд бол түүний энэ нас “зодог тайлах” үе байв. Гэсэн ч тэрбээр амжилттай сайн харваж, Алтайн залуус өнгөтэй, одтой, хийморьтой наадах ирэх жилийн наадмын өнгийг тодорхойлсон. Нас харгалздаггүй сурын спорт руу хүүхэд, залуус хүч түрэн орж ирсэн өнөө цагт түүн шиг ийм амжилт гаргана гэдэг ховор тохиол. Тэрбээр “Энэ хүндтэй цол, олны итгэл найдвар, хайр хүндлэлийг дааж явна гэдэг хамгийн чухал. Тэр их бахархал, баяртай давхцаад өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан” хэмээн өгүүлсэн удаатай.
Миний тооцоолж байснаас огт өөрөөр эргэсэн
30 хэм хүртэл халдаг зуны халуун 14 хэм болтлоо буурсан нь цаг агаарын хувьд ойрын жилүүдэд лав болоогүй үзэгдэл байв
-Үндэсний сурын харваачид намрын Отго харваагаар хаалтаа хийдэг уламжлалтай. Наадмаас хойш болдог томоохон харваа шүү дээ?
-Үндэсний сурын харваа эртний өв соёл тээсэн сайхан спорт. Хоёр өдөр үргэлжилдэг Отго харваанд 500 гаруй харваач өрсөлдөж цэц мэргэнээ сорьдог. Отго харваа сурын харваачдаас ур чадвар, туршлага их шаарддаг чансаа өндөр тэмцээн.
-Энэ жилийн наадмаар та түрүүлж олон хүний таавар будилуулсан. Зүйрлэж хэлбэл битүү морь шиг л байлаа?
-Өөрийн хичээл зүтгэлээс гадна бэлтгэл сургуулилалт шаргуу хийснийхээ үр дүнг үзлээ гэж бодож байна. Хашир туршлагатай харваачдын алт шиг сургаал үгийг сонсож, тэднээс үлгэр дуурайл авч, хэлсэн, заасан, сургасныг өөртөө зөв тунгааж бодсоны ач гарсан. Наадмын өмнөхөн дүгнэлт хийж, энэ жилийн наадмаар Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Б.Ёндон, залуу харваачдаас спортын мастер Б.Пүрэвсүрэн, Б.Үнэнбат нарын бэлтгэл сайн, оноо өндөр байсан тул аль нэг нь түрүүлэх байх гэж бодож байв. Гэтэл миний тооцоолж байснаас огт өөрөөр эргэсэн. Манай “Засагт Хан” клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Бид ч нутаг уснаасаа төрсөн улсын мэргэнтэй болъё гэж хичээж, бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Би клубынхаа дасгалжуулагч нь байсан болохоор өөрөөсөө илүү багийнхаа харваачдад санаа их тавьж, урамтай сайхан наадаасай гэж бодож байлаа.
-Цаг агаар хүйтэн, бороотой байсан нь сурын харваачдыг сорьсон том шалгуур шиг санагдсан?
-Энэ жил жиндүү, усархаг бороотой, салхитай байсан нь харваачдаас нэлээн тэсвэр хатуужил шаардсан. 30 хэм хүртэл халдаг зуны халуун 14 хэм болтлоо буурсан нь цаг агаарын хувьд ойрын жилүүдэд лав болоогүй үзэгдэл байв. Байгаль дэлхий олон зүйлээр сорьж шалгасан ч төрийнхөө их наадамд хийморьтой сайхан наадаж Монгол Улсын Мэргэн цол хүртсэндээ сэтгэл өндөр байгаа. Үндэсний сурын харваанд 42 сум онохоос 37 онож түрүүллээ.
БАХАРХАЛ, БАЯРТАЙ ДАВХЦААД ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ДАГААД ИРЭХ ШИГ САНАГДСАН
-Говь-Алтай бахархах сайхан бөхчүүдтэй. Хүнийг төрсөн нутаг нь түшдэг гэдэг дээ. Магадгүй, энэ нутгийн сүрлэг уулс хүүгээ ивээсэн ч юм бил үү?
-Нутгийн минь уул, ус намайг ивээж түшсэн шүү. Өнгөрсөн жилийн наадам надад их олон зүйл ойлгуулж, ухааруулсан. Хичээх хэрэгтэй гэдгийг ч сануулсан, зүтгэж хичээж чадвал амжилт ойрхон байна гэдгийг ч мэдрүүлсэн. Нутгийн зон олон маань ч сайн дэмжлээ. Итгэл найдварыг нь алдалгүй түрүүлж магнайг нь тэнийлгэлээ. Нутаг усаараа зорилго нэгтэй байх амжилтад хүрэх том алхам болдог гэдгийг энэ жилийн наадам харуулсан. Алтай нутгаасаа төрсөн анхны мэргэн боллоо. Тиймээс энэ хүндтэй цол, олны итгэл, хайр хүндлэлийг дааж явна гэдэг хамгийн чухал. Тэр их бахархал, баяртай давхцаад өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан.
-Засагт Ханы хөх харчуул нутгаасаа төрсөн мэргэнээ сайхан угтаж авсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Нутгийнхаа зон олны баярлаж хүлээж авсан тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй юм даа. Би наадмаас хойш хоёр ч удаа нутгаа зорилоо. Бид Говь-Алтай аймгийн Жаргалан сумын алдарт Эрээн нуурын хөвөөн дээр, элсэн манхан уулын дунд “Алтайн мянган харваач” баруун бүсийн чуулга харвааг зохион байгуулсан юм. Энэ зорилтот хөтөлбөр наадамд 1070 харваач хүрэлцэн ирж, цэц мэргэнээ сорьсон. Нутагт минь ийм олон харваач өрсөлдсөн наадам Монголын үндэсний сурын харвааны түүхэнд анх удаа болсон нь сонирхолтой байв.
-Та ч Говь-Алтайчуудын бахархал яах аргагүй мөн. Энэ жил танай нутгаас ч улсын цолтой бөх төрсөн л дөө?
-Би Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Нутгийн бөх Ц.Бямба-Очир наадмын зүлэг ногоон дэвжээнээс улсын начин цол хүртэж баяр дээр баяр нэмэв. Бидэнд зориулж нутгийн удирдлага, ахан дүүс, ард олон маань “Бугатын бахархал” хэмээх наадам зохион байгуулж хотол олноороо сайхан наадлаа. Энэ жилийн наадмаар Алтайн залуус өнгөтэй, одтой, хийморьтой наадаж ирэх жилийн наадмын өнгийг тодорхойлсон болов уу.
ЭНЭ ИХ ӨВ СОЁЛЫГ ЗӨВ ДААЖ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ
Өөрийн биеэр үлгэр дуурайл болж яваа багшийнхаа шавь болж анх нум эвшээлгэн, сумны гичир татсандаа баярлаж явдаг
-Анх цол хүртсэн бөх, харваач нэг хэсэгтээ л цолондоо дасахгүй байгаа нь анзаарагддаг. Та одоо дасчихсан уу?
-Нэг үеэ бодвол одоо л цолондоо дасч байна. Хүмүүсийг нэрээр минь бус цолоор минь дуудаж “Мэргэн сайн байна уу, мэргэн дээшээ морил” гээд хүндлэхэд нь эхэндээ гайхаж сандардаг байв. Сурын талбай дээр залуу харваачдаа “Мэргэн” гэж дуудахад нь анзаарахгүй чигээрээ хараад л алхаж явдаг байлаа. Ийм том цол хүртчихээд сурын талбайд би мэргэн гээд ихэрхээд байж болохгүй. Сурын алтан зурхай харваачдаа хүндлэх өв соёлд сургадаг. Өв уламжлалаас улбаалсан соёл, сайхан хүндлэл үндэсний сурын харваачдад байдаг. Бидэнд дагаж мөрдөх, баримтлах зарчим гэж бий.
-Сурын харваанд анх хөл тавьж байсан түүхээсээ сонирхуулаач?
-Би эрийн гурван наадмаа үзэх дуртай. Эрт цагт дэлхийн талыг эзэлж явсан монгол эрчүүдийн дайны гол зэвсэг болсон нум, сум, саадаг өнөө үеийн үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжсөн нь үнэхээр сайхан санагддаг. 2012 оны наадмаар сурын талбайд сууж байтал Б.Баттулга найз маань сур харвах гээд талбай дээр зогсож байв. Түүнээс хойш би сурын харваанд өөрийн эрхгүй татагдсан. Монгол Улсын хүндэт мэргэн Б.Батмөнх багшийн удирдлага дор 2012 онд сурын спортод анх хөл тавьж, тасралтгүй хичээллэсээр амжилтад хүрлээ. Багш маань үндэсний сурын харваачдаа дэмжиж, Отго харвааг жил бүр ивээн тэтгэдэг юм. Багш маань өдгөө 73 настай, үндэсний сурын харваатай хувь заяагаа холбосон цагаасаа амьдралаа харамгүй зориулж яваа. Надад багшаасаа суралцах зүйл их байдаг.
Сурын олон харваачдад өөрийн биеэр үлгэр дуурайл болж яваа багшийнхаа шавь болж анх нум эвшээлгэн, сумны гичир татсандаа их баярлаж явдаг. Даяар дуурсах дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багштай би 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд хамт явж үндэсний сурын эрдмээс заалгаж байлаа. Багшийнхаа зөвлөж заасан зүйлийг сэтгэлдээ бодож тунгааснаа сурын талбайд харуулж үр дүнтэй хэрэгжүүллээ. Гарамгай мэргэн Д.Ганбат, Даян мэргэн Д.Эрдэнэтуяа нар сурын харваанд тамирчин хүн сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэж, сурын талбайд ямар ёс жудаг баримтлах ёстой байдаг талаар зааж сургасан. Ийм сайхан ачтай харваачдаа би насан туршдаа хүндэлж бахархаж явах болно.
-“Багшийн эрдэм шавиас” гэдэг үг бий. Та үндэсний сурын спортод хожуу хөл тавьсан ч богино хугацаанд амжилт гаргаж чаджээ?
-Тийм ээ. Үндэсний сураар зургаа дахь жилдээ харваж улсын мэргэн цолны болзол хангасан. 2013 оноос эхлээд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилалтаа нэг ч таслалгүй хийлээ. Байлдаанд хойшлуулж болохгүй чухал даалгавар авсан хүн шиг уйгагүй хичээж харвасан. (инээв) Хичээж зүтгэж, хөлс гаргаж хөдөлмөрлөснийг минь сурын алтан зурхай харж сайхан амжилтаар шагнаж, урам хайрлалаа. Өөрөө бэлтгэл хийхийн хажуугаар сурын харваа сонирхож хичээллэсэн олон хүүхдэд зааж сургасны ач буян ч гарлаа. Шавь нартаа “Сурын спортод сэтгэл шулуудаж нэгэнт хөл тавьсан бол харваачийн ёс зүй, дүрэм сайн баримтлаарай. Энэ их өв соёлыг зөв дааж авч явах хэрэгтэй” гэж хэлдэг юм. Сурын харваа жинхэнэ монгол эр, жинхэнэ монгол эмэгтэй ямар байх вэ гэдгийг үлгэр дуурайл болсон харваачдын дунд орсон хойно нь мэдрүүлдэг. Сүүлийн жилүүдэд сурын харваа руу хүүхэд, залуус хүч түрэн орж ирж байна.
Сурын талбайгаас бөгтөр нуруутай, илүүдэл жинтэй хүн хайгаад олохгүй
Найзын маань хэлсэн энэ үг миний сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлджээ
-Сурын спортод анх хөтөлсөн найзаасаа та түрүүлж мэргэн цол хүртсэн. Амжилтаас атгуулсан найздаа талархаж явдаг биз дээ?
-Найздаа маш их баярладаг. Баярлаж талархсанаа дахин дахин илэрхийлдэг. Бид үе тэнгийн найзууд. Наадмаар сурын талбайд намайг анх ирэхэд “Эр хүнийг сайхан дээл чимдэг. Үндэснийхээ их баяр наадмаар сайхан дээл өмсөөд сурын талбайд нумаа татаад зогсож байхад хийморь сэргэдэг юм шүү дээ. Найз аа, хойтон хавар ирж уулзаарай, би чамайг сайн харваачтай уулзуулъя” гэж билээ. Найзын маань хэлсэн энэ үг миний сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлджээ. Энэ дашрамд намайг алдар, амжилтын зам руу хөтөлсөн Баттулга найздаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хэрвээ би тэр өдөр сурын талбайд найзтайгаа таарч уулзаагүй бол харваач болох байсан ч уу үгүй ч үү. Гурван хот, 18 аймагт яваад очиход үндэсний сурын харваачид халуун сэтгэлээр угтаж авдаг. Үндэсний спортыг хөгжүүлж яваа энэ том айлын босгоор алхаж, хүндтэй цолыг нь хүртэж, хүмүүст хүндлүүлж яваадаа их бэлгэшээдэг.
-Үндэсний спортод маш сайхан дэг жаяг бий. Та ч бас суралцсаар л явна уу?
-Хэдий мэргэн цол хүртсэн ч ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, надаас түрүүлж мэргэн цол түрүүлж хүртсэн залуу харваачидтайгаа цолны эрэмбээр хүндэлж харилцах гээд хүмүүжил төлөвшлийн гайхамшигтай соёлыг үндэсний спорт харуулдаг.Сурын спорт эрүүл мэндэд тун тустай. Өнөө цагт олон хүн хөдөлгөөний дутагдалд орж байна. Сурын талбайгаас бөгтөр нуруутай, илүүдэл жинтэй, хөдөлж чадахгүй, нүдний хараа муутай хүнийг хайгаад олохгүй. Сурын харваачид өдөрт шаргуу хичээллэвэл 10 км алхсантай тэнцэхээр бэлтгэл хийсэн байдаг. Байнга хөдөлж байдаг болохоор эрч хүчтэй, эрүүл чийрэг биетэй, тооцоолон бодож, төлөвлөж харвадаг болохоор ухаан саруул байдаг. Энэ утгаар яривал сурын харваачид халуунд халж, хүйтэнд хөрч, хал үзэж, хат суусан тэвчээртэй хүмүүс.
-Ямар мэргэжил, боловсролтой хүнийг сурын харваа өөртөө татчихав аа?
-Би санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Хувийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг. Миний хувьд нэг зүйл рүү сэтгэл шулуудаж зүтгэсэн бол ард нь заавал гарч үр дүнг нь үзэх гэж хичээдэг зантай. Залуу харваачдынхаа зөвлөсөн үгийг цааргалалгүй сонсож тэндээс хэрэг болохыг нь өөртөө тусгаж авдаг. Эрт цагт дайны зэвсэг байсан нум сум өнөө цагт спорт болон хөгжиж, өөрт байгаа хамгийн муу дайсантайгаа тэмцэж ялахад хамгийн их хэрэг болдог. Сурын харваагаар хичээллэсэн хүн хамгийн түрүүнд өөрт байдаг муу зуршлаасаа амархан салдаг. Өөрийгөө ялж чадах чадварт энэ спорт сургадгаараа гайхамшигтай гэж хэлж болно. Нас харгалздаггүй спорт болохоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой. Өөрөө өөрийгөө ялсан цагт энэ спорт амжилтаа харамгүй хайрладаг юм. Тухайн хүнээс хэр тэсвэр тэвчээр гарч чадахыг олон зүйлээр шалгаж сорьдог. Монгол эр хүн гэж ямар хүн байдаг юм, хэрхэн яаж нааддаг вэ гэдгийг сурын спорт харуулдаг. Энэ цаг үед амьдарч байгаа хүн болгон энэ спорт руу хөл тавьж өв соёлоо хадгалж үлдэх ёстой юм.
ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУЛ ЖАРГАЛ, ЗОВЛОНД АМАРХАН СӨХӨРДӨГГҮЙ
Найзын маань хэлсэн энэ үг миний сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлджээ
-Сурын спорт сонгохдоо олон бэрхшээлтэй тулгарсан уу. Дуртай хүлээж авдаг хүн ховор байдаг шүү дээ?
-Гэр бүл, найз нөхөд маань намайг сурын харваа руу эргэж буцахгүйгээр орчихно гэж эхэндээ төсөөлөөгүй гэдэг. Наадмаар л сур харваж хийморио сэргээх байх гэж боддог байсан юм билээ. Ажлын хамт олон маань ч гэсэн намайг их гайхаж хүлээж авсан. Би эхэн үедээ спортын мастер болчихвол боллоо доо гэж бодож харвадаг байлаа. Спортын мастер цол хүртчихээд одоо мэргэн цол хүртчих юмсан гэж боддог байв. Би сурын спортод сэтгэл зүрхээ л дагасан. Ажил, амьдралаа зохицуулаад тууштай хичээллэвэл амжилт гаргаж болох юм байна гэдгийг бэлтгэл сургуулилалт хийх явцдаа ойлгосон. Ажлаа, ар гэрээ мартаж зүтгэсэн үе надад бий. Амжилтын төлөө бүхнийг орхиод зүтгэсэн үед ар гэрээ найдвартай авч явсан ханьдаа их баярладаг. Намайг энэ спортод хөл тавиад амжилт гаргаж эхлэхэд олон хүн дэмжсэн. Ойр дотных нь хүмүүс өөрийг нь ойлгоод, нутаг усныхан нь дэмжиж туслаад ирэхээр хүн урам орж, улам их баярлаж, амжилт руу зүтгэдэг юм билээ. Засагт Ханы хөх харчуул жаргал, зовлонд амархан сөхөрдөггүй, хүнд хатуу, саад бэрхшээлээс халгаж зугтдаггүй гэдгийг зөвхөн спорт гэлтгүй олон зүйл дээр харуулж яваа.
-Таныг одоо хэр мэргэн харвахыг харах гэж амьсгаа даран, сэтгэл догдолж үздэг хүн олон болсон байх аа?
-Өнгөрсөн жилээс эхэлж гэр бүл, найз нөхөд, намайг таньж, мэддэг хүмүүс илүү сонирхож үздэг болсон. Одоо би сурын талбайд ирчихээд олон хүнийг зурагтын өмнө уяж чаддаг болсон шүү. Сэтгэл нь сурын талбайд намайг дагаж ирээд сур харвадаг хүн ч олон болсон. (инээв). Тэмцээн уралдааны үеэр найз нөхөд маань санаа тавьж яаж харвав гээд асуудаг боллоо. Амжилт гаргаад эхлэхээр найзуудын найз нөхөд, үр хүүхдүүд нь хүртэл харж үздэг болдог юм билээ.
-Хань тань таныг мэргэн цол хүртэхэд хамгийн сайхан урам хайрласан хүний нэг биз?
-Тийм ээ. Манай эхнэрийг Д.Хундагаа гэдэг. MCS Coco Cola-д ажилладаг. Бид нэг нутгийнх. Намайг хамгийн сайн ойлгож, дэмжиж тусалдаг хүн бол хань маань. Өглөө эрт босоод надад цай, хоол хийгээд тавьчихсан байдаг юм. Тэмцээн болох өглөө “Миний хань сайн харваарай. Амжилт гаргаж чадна гэдэгт чинь итгэж байна” гээд урам хайрлана. Би амьдралд түшиг тулгуур болсон халамжтай сайн ханьтай. Одоо манайхан миний үнэнч, улаан фэн болсон шүү дээ. Өдөр болгон дэмжиж, урам хайрладаг болсон. Наадмаар мэргэн цол хүртэхэд манайхан жигтэйхэн их баярлаж, баяр хүргэж талархсан хүмүүсийн утасны дуудлагад хэдэн өдөр дарагдсан. Манайх гурван хүүхэдтэй. Том хүү Төгөлдөр намайг харсаар байгаад сурын спортоор хичээллэж эхэлсэн. Би хүүдээ “Сурын харваа сэтгэлзүйн спорт. Тиймээс сэтгэл санаа, биеийн байдлаа сайн хянадаг байх ёстой. Ямар ч үед өөрийнхөө дотоод сэтгэлийг сайн чагна. Өөрийгөө ялан дийлж байж амжилт гаргадаг юм, хичээгээрэй ” гэж хэлж захидаг юм.