СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

FACTCHECK: Монголын хѳлбѳмбѳгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Анхааруулга!!!

Энэхүү нэвтрүүлэгт хүчирхийллийн хэлбэрийг агуулсан, ёс бус үйлдлийг харуулсан дүрс гарах тул насанд хүрээгүй хүмүүс, зүрх муутай хүн үзэхгүй байхыг анхааруулж байна.

Монголын Хөлбөмбөгийн холбооны U-15 охидын шигшээ багийн менежер Бүүвэйбаатарын Учралсайхан нь БНСУ-д 2019 оны наймдугаар сард болсон Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан маш ноцтой баримтыг Фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

БАРИМТ 1

2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн U-16, U-19 багийн Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наоко маш ноцтой нэгэн захидлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд илгээжээ.

УГ ЗАХИДАЛД:

Хүндэт Монголын хөлбөмбөгийн холбоо, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хорооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргал танаа

Багийн менежерийн гаргасан зан авирын талаар дараах хоёр шалтгаанаар уг захидлыг илгээж байна. Үүнд:

1.    Бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн

2.    Эмэгтэйчүүдийн багийн менежерээр ажиллахад зохисгүй

 1/ Бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн талаар

Ноён Бүүвэйбаатарын Учралсайхан нь наймдугаар сарын 8-ны 21.00 цагт Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны сайн дурын ажилтан хоёр солонгос эмэгтэйтэй гадагш гарсан байна. Харин маргааш нь шигшээ багийн тамирчид Б.Учралсайхан тэдний өрөөнд урьд шөнө нь юу хийснийг надад харууллаа.

Б.Учралсайхан тэр шөнийн 02-03 цагийн хооронд сайн дурын нэг ажилтантай хамт Мокпо олон улсын хөлбөмбөгийн төвд ирж, тамирчдын 310 дугаар өрөөнд орсон байна.

Тэрбээр хаалгыг нь чангаар нүдэж, үүдэн дээр нь чанга дуугаар хашгачсан тул тамирчид хаалгаа онгойлгохоос өөр аргагүй болсон байна.

 Б.Учралсайхан согтуу, маш аймшигтай харагдаж байсан гэдгийг охид хэлсэн.

Эхлээд тэр шүүгээ сав онгойлгож идэх юм хайж. Дараа нь орны хажууд ойртож тамирчдын нэг Дамбадаржаагийн Долгорыг хоёр давхар орон дээрээс дуудаж, дух руу нь цохисон байна.

Дараа нь менежер Б.Учралсайхан орон дээр хэвтэж байхдаа муухай үгээр чангаар хашгичиж байсан ба Пунцагийн Дулмаа гэх өөр нэг тамирчныг нэг давхрын орон дээр байхад нь очиж оймсыг нь тайлахыг завдсан.

Үүгээр зогсохгүй хоёр давхрын орон дээр байсан тоглогч Дамдины Должин дээр очиж толгой руу нь гурван удаа хүчтэй цохисон байна.

Б.Учралсайхан Должингийн гуяыг зөөлөн илж, богино өмдийг нь тайлахыг оролдоход охин маш их айж, ээжийнхээ нэрийг дууджээ. Гэвч менежер ээж чинь энд байхгүй гэж хэлжээ. Эцэст нь Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооны хоёр ажилтан түүнийг өрөөнөөс гаргасан байна. Тоглогчид над руу болон туслах дасгалжуулагч  руу холбогдож энэ тухай хэлээгүй нь менежер Б.Учралсайхан бүх тамирчдын гар утсыг хурааж авсан байсантай холбоотой.

Дамбадаржаагийн Долгор энэ бүх болсон явдлыг өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн байсныг би зургийг нь дарж авсан юм.

Наймдугаар сарын 09-ний өдөр би Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооны Солонгосын эмэгтэй багийг хариуцсан ажилтанд энэ тухай хэлж 310, 201 дүгээр өрөөнүүдийн хаалганы хамгаалалтын кодыг өөрчлүүлсөн. Харин менежер Б.Учралсайхан энэ тухай мэдсэн даруйдаа маш их уурлаж, тоглогчид түүнд хэлэхээс маш их айж байсан. Тиймээс би түүнийг тамирчдын өрөөг шөнийн цагаар шалгах хэрэггүй, эмэгтэй туслах дасгалжуулагч тэдний өрөөг шалгах болно гэдгийг хэлсэн юм.

2/ Эмэгтэйчүүдийн багийн менежер байхад тохиромжгүй

Нэгдүгээрт менежер Б.Учралсайхан шигшээ багийн тамирчдыг миний ардуур үргэлж дарамталж байсан.

Хоёрдугаарт уулзалтан дээр миний хэлж байгаагүй сөрөг зүйлсийг олон удаа худлаа орчуулсан.

Тэмцээний үеэр намайг яагаад энэ багт хуваарилагдсаныг маш ноцтойгоор асууж байсан.

Олон тоглогч надад түүнийг хоёр нүүртэй гэж хэлсэн

 Таныг хүндэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн U16/U19 багийн ерөнхий дасгалжуулагч Кавамото Наоко гэжээ.

Хамгийн ноцтой нь уншихаас ч сэтгэл сэрдхийм энэхүү ноцтой захидлын мөрөөр Монголын хөлбөмбөгийн ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Түүгээр ч үл барам уг захидлыг нуун дарагдуулах гэж оролдсон байх юм.

Тэр тусмаа 15-хан настай охид балмад  эдгээдэд зодуулж, хүчирхийлүүллээ гэсэн мэдээг анх хүлээн авсан  Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал энэ бүхнийг нуухад оролцсон нь даанч харамсалтай. 

БАРИМТ 2

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наокогийн уг захидлыг хав дарж, шигшээ багийн насанд хүрээгүй охидыг зодож, хүчирхийлэхийг завдсан Бүүвэйбаатарын Учралсайхантай хариуцлага тооцоогүй тул Б.Учралсайхан ажлаа хийсээр л байлаа.

Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр ASEM цогцолборт болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авах үдэшлэгийн үеэр түүнтэй хамт даруулсан зургаа өөрийнхөө фэйсбүүкт  оруулаад “Салбарын хамгийн том BOSS ирсээн 5 минут ярилцаж амжилаа. Битүү өвөл ашиглах цэнгэлдэхийн дээвэр 2-ыг хийж өгөхийг амалсан шүү!!! With FIFA President” гэх постыг оруулсан байгааг та бүхэн харж байна.

Мөн Б.Учралсайхан 2019 оны аравдугаар сарын 27-ны өдөр 13 цаг 56 минутад Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазаалай” дээд лигийн 2019 оны улирлын азтай үзэгчийг шалгаруулах шууд дамжуулалтыг хөтөлж буй бичлэгийг та бүхэн яг одоо үзэж байна.

15 настай шигшээ багийн тамирчин охидыг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хүнийг хөлбөмбөгийн ногоон талбайн босгыг нь алхуулах нь битгий хэл ойртохийг ч хориглосон хатуу чанд ёс зүй дэлхий дахинд үйлчилдэг билээ.

Харин тэгэхэд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд маш ноцтой гэмт хэрэг хийснийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ Б.Учралсайханыг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан төдийгүй хөлбөмбөгийн ногоон талбай дээр Монголын хөлбөмбөгийн холбооны логотой биеийн тамирын хувцас өмсгөөд шууд дамжуулалтыг хөтлүүлж байсан байх юм.

LIVE телевизийн фактчек эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг Б.Учралсайханы үйлдсэн гэмт хэргийн мөрөөр мөшгиж, ирсэн баримтуудыг нягтлах ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн зааланд 15 настай охидын шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хийж байх үед нь очлоо.  Охидын багийн Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наокогоос Монголын хөлбөмбөгийн холбоонд 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр илгээсэн захидлынх нь талаар тодруулахад,

Хатагтай Кавамото Наоко “Би яг энэ асуудлаар одоо яриа өгөх боломжгүй. Эхлээд Холбооны Ерөнхий бичгийн даргаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн юм. Хатагтай Кавамото Наоко LIVE телевизийн сэтгүүлч надаас энэ асуудлаар яриа тодруулга авахаар ирлээ гэдгийг Хөлбөмбөгийн холбоонд мэдэгдсэн даруйд тус холбооны ажилтан гүйн ирж манай микропоныг аваад зугтаасан билээ.  

Хав дарж, тас нуух гэж оролдсон гэмт үйлдэл нь илэрч, Кавамото Наоко дасгалжуулагчийн маш ноцтой захидал нь сэтгүүлчдийн гарт очсоныг мэдсэн даруйдаа  Монгол хөлбөмбөгийн холбооныхон үймж, нэн даруй Б.Учралсайханыг ажлаас нь халсан байна.

Тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу биднийг холбоонд очсоноос яг дөрвөн хоногийн дараа “Анх энэ ажиллагааг эхлүүлж байлаа. Одоо харин шижигнэсэн залуус үргэлжлүүлээд улам гоё хийх биз. Харин би өөрөө зочноор суух нь гоё санагдаж байна” хэмээсэн постыг оруулсан байх юм.

Бид яг энэ асуудлаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргалаас тодруулга авахаар олон удаа оролдсон боловч тэрбээр ямар нэгэн хариу өгөхгүй зугтаасаар байгаа билээ. Хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн албаны дарга  Б.Болороор дамжуулан бидэнд татгалзсан хариугаа өгсөн юм.

Нэгдүгээр хэсэг төгсөв.

Дараагийн дугаарт

Хөлбөмбөг хэмээх агуу их спортыг гутааж, багш, дасгалжуулагч, менежерийн зүгээс шигшээ багийн тамирчин охидод бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Монголын хөлбөмбөгийн холбооны үе үеийн удирдлагууд нууж байсан баримтыг дэлгэнэ.

Хүчирхийллийн гэмт хэргийг нуун дарагдуулж, өсвөр насны охидыг бие сэтгэлийн шархтай үлдээдэг ёс зүйгүй хүмүүс Монголын хөлбөмбөгийн холбоог удирдаж байгаатай хэзээ ч эвлэрч болохгүй билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.