Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, ХБНГУ-ын “Дойче Велле” агентлаг хамтран Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын сэтгүүлчдийг баримт нягтлах орчин үеийн арга зүйд сургах, дэлхийн шилдэг мэдээллийн агентлагуудын factcheck хийж буй арга туршлагаас суралцуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Factcheck Mongolia” хөтөлбөрийн хоёр дахь шатны сургалтыг 2019 оны арванхоёрдугаар сарын 03-06-ний өдрүүдэд хийлээ.
Сургалтыг “Дойче Велле” агентлагийн сэтгүүлч Ричел Ясмин, тус агентлагийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Конор Дилан нар явуулсан юм. Тус сургалтад Монголын сэтгүүлчид хамрагдсанаар facebook, twitter, instagram зэрэг олон нийтийн сүлжээнд ахисан түвшний хайлт хийх, зураг, видеог нягтлан шалгах, зургийн байршлыг илрүүлэх, жинхэнэ эсвэл эвлүүлэг эсэхийг тогтоох чадварыг эзэмшсэн байна.
Сургалтын төгсгөлд “Дойче Велле” агентлагийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Конор Дилан “Энэхүү сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн баримтыг нягталж буй байдал, сурсанаа бүтээлчээр ашиглаж буй чанар нь манай агентлагийн мэргэжилтнүүдээс огт дутахааргүй хэмжээнд хүрснийг харах үнэхээр сайхан байна. Та бүхэн технологийн ололт дэвшлийг ашиглан баримтыг маш богино хугацаанд өндөр түвшинд нягталж сурснаар танай байгууллага уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг хүлээсэн үнэн бодит мэдээллийг түгээдэг, шилдэг мэдээллийн хэрэгсэл болох нь дамжиггүй” гэсэн юм.