Британиас ирсэн 34 настай эмэгтэй Испанийн Барселона хотод зургаан цагийн турш зүрх нь зогссон ч эргээд сэргэсэн тухай эмч нар мэдээлжээ. Эмч мэргэжилтнүүд энэ үзэгдлийг байж боломгүй онц хачирхалтай үйл явдал болсон хэмээн онцолсон байна.
Одри Шоеман Испанийн Пайринийс ууланд өнгөрсөн сард нөхөртэйгээ аялж байгаад цасан шуурганд өртөж биеийн дулаанаа алдаж эмнэлгийн тусламж дууджээ. Түргэн тусламж ирэх хүртэл ярьж, хөдөлж, амьсгалж чадахаа больж ухаан алдсан байна. Эмч нар хэдэн цагийн дараа ирэхэд биеийн дулаан нь 18 хэмд хүрсэн бөгөөд нөхөр нь түүнийг амьсгал хураасан гэж бодсон байсан тухай эмэгтэй хэвлэлийн хурал дээр ярьсан байна.
Түргэн тусламжаар Барселона хотын Валл д’Хеброн эмнэлэгт ирэхэд түүнийг амьд гэх шинж тэмдэг огт илрээгүй аж. Уулын хүйтэн цаг агаар түүнийг биеийн дулаанаа алдахад хүргэсэн боловч амь насыг нь аврахад тусалсан гэж эмч Эдуард Аргудо ярьсан байна.
Биеийн дулаанаа алдаж хөрсөн нь түүний бие, тархийг ухаангүй болох үед амь насаа алдахаас нь хамгаалжээ. Хэрэв эмэгтэй хэдэн цагийн турш зүрх нь зогсохдоо дулаанаа алдаагүй байсан бол эргэж сэргэх найдлагагүйгээр үхэх байсан гэж эмч тайлбарлажээ.
Испани улсын анагаах ухааны түүхэнд анх удаа ийм удаан хугацаанд зүрх нь зогссон ч эргээд амьдарсан тохиолдол болсон байна. Амийг нь аврахын тулд цусыг нь авч хүчилтөрөгч нэмж эргээд биед нь юүлснээр биеийн дулаан нь 30 хэмд хүрч зүрх нь цохилжээ.
Азтай тохиолдлоор амьд үлдсэн эмэгтэй 12 хоногийн дараа эмнэлгээс гарсан бөгөөд хавар гэхэд дахиад ууланд авирах тухайгаа хэвлэлийн хурал дээр ярьсан байна. Эмч нар түүнийг эргээд сэргэхэд мэдрэлийн тогтолцоо нь гэмтсэн байж болзошгүй гэж эмээж байсан ч эсэн мэнд байгааг хараад гайхацгаажээ. Жинхэнэ ид шид л түүнд тусалсан гэж эмнэлгийн ажилтнууд хэлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com