Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангах зорилгоор “Нартын Голомт” ХХК-ийн нэрэмжит “Намрын Гран-При 2018” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр болно. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, “Шавь” цогцолбор сургууль, европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК хамтран зохион байгуулж буй.
Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдож эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглох юм. Швейцарь системээр 9 өрөг тоглох тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны программ Draughts Arbiter-аар шүүн явуулах аж. Оноолт, дүнг гаргахдаа швейцарь системийн FMJD on Solkoff оноолтын дагуу хийх юм.
Нээлттэй ангилалд эхний 5, оролцогчдын тооноос хамааран эмэгтэйчүүдийн ангилалд 2-3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөрийн 14 хүртэлх, 17 хүртэлх насны охид, хөвгүүдийн төрөлд тус бүр нэг тамирчин шалгаруулж мөнгөн шагнал олгоно. Мөн сонирхогчдын ангилалд амжилттай тоглосон тамирчдад тусгай шагнал, спортын цол, зэрэг олгох юм байна.
Сонирхуулахад Дэлхийн Ахмадын Аварга Шалгаруулах 28 дахь удаагийн ШАТРЫН ТЭМЦЭЭН (50+, 65+) 11.17-30-нд Словения улсын Блед хотноо зохиогдоно.
Оролцох ахмад шатарчдыг энэ сарын 23-ын хүртэл Монголын Үндэсний Олимпийн хорооны 204 тоот бүртгэх аж.